МАН-аас нэр дэвшигч М.Энхболд Завхан аймагт ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-06-19 16:03:00
Завхан/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчид Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд Завхан аймагт ирж иргэд сонгогчидтойгоо уулзлаа.
Уулзалтын үеэр Завханчууд Миеэгомбын Энхболдын “Монгол гэр- Монгол төр” мөрийн хөтөлбөртэй танилцсанаа дуулгаж  монгол хөрсөнд буусан  хөтөлбөрөө төрийн тэргүүн болоод бодит ажил болгоорой гэж захиж байв.
Харин нэр дэвшигчийг дагалдан Завхан аймгийн Яруу сумын уугуул Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди нутгийн зон олондоо хандаж:  “-Миеэгомбын Энхболд төрд бэлтгэгдсэн жинхэнэ боловсон хүчин. Миеэгомбын Энхболд хүнийг дээр доор гэж ялгадаггүй түмэн олноосоо суралцаж ирсэн хүн. Амьдралаас суралцсан боловсролыг нэгэн ухаантан “Хүн төрлөхтний боловсрол” гэж нэрлэсэн байдаг. М.Энхболд амьдрал дунд байж, хүмүүсийн дунд байж олон түмнээсээ байнга суралцаж ирсэн, боловсролыг чамбай эзэмшсэн төрийн зүтгэлтэн. Төрийн тэргүүнээр ажиллахад боловсрол мэдлэгээс гадна ажлын дадлага туршлага ус, агаар мэт хэрэгтэй. Өндөр уулын оргилд гарахын тулд бэлээс нь өгсдөг. Мянга мянган бээрийн аялал нэг алхмаас эхэлдэг. Үүнтэй адил М.Энхболд ажлын гараагаа төрийн албаны анхан шатнаас эхэлж, шат дамжлагаар нь өгсөж, олон шатыг амжилттай мацаж, оргилд нь дөхөж яваа төрийн зүтгэлтэн” хэмээн дэмжихийг уриаллаа.  Түүнчлэн  Завхан нутгаас төрсөн УИХ-ын гишүүн БОАЖ-ын сайд Д.Оюунхорол нутгийн олондоо төлөв төвшин, төрийн ноён нуруутай хүнийг төрийн тэргүүнээрээ сонгохыг уриалж, өнгөрсөн хавар Миеэгомбын Энхболд дарга Завхан аймагт ажиллахдаа Тосонцэнгэлээс Улиастай хүртэлх хатуу хучилттай автозамыг барихыг Засгийн газарт үүрэг болгосноор өнөөдөр ажил хэрэг болж байгааг дуулгасан юм. 
Б.Мягмарсүрэн  

Холбоотой мэдээ