Дарба бандид гэгээний VII дүрийг залах ёслол боллоо

ФОТО МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2017-06-19 13:54:14
Хөвсгөл аймагт Эрдэнэ мэргэн цэцэн ширээт шашныг тодруулагч халхын Дарба бандидын Монголд тодорсон 7-р дүрийн хувилгаан Дэнзэн Чойжилодой гэгээнтэнг Хөвсгөл аймгийн шашны тэргүүнээр өргөмжилж сэнтийд залах ёслол энэ сарын 16-ны билэгт сайн өдөр болов.
Ёслолын арга хэмжээнд өмнөд Энэтхэгийн Сэра жэ дацангийн Хансүр Жадо Рэнбүчи лам хуврагууд, Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц тэргүүтэй 21 аймгийн төлөөлөл болсон лам хуврагууд, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, аймаг орон нутгийн удирдлагууд болон сүсэгтэн олон оролцлоо.
Дарба бандида гэгээнд бат оршил өргөх үеэр 1990  оноос хойш монголд анх удаа Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн их унзад Тулгаа тэргүүтэй лам нар монголоор уншсан нь онцлог байлаа. Гэгээнтнийг арслант ширээнд залраснаас хойш хур бууж хангай дэлхий баясаж, хүн ардын магнай тэнийн баясаж, сүсэгтнүүдэд сүсэг шинээр төрж, сүсэгтэйчүүдийн сүсэг улам дээшид арвидаж нутаг орон эзэнтэй боллоо гэж нутгийнхан ихэд бэлгэшээж байв.

Одоогоос 4 жилийн өмнө Хөвсгөл аймгийн Рашаант сумаас тодорч  төрсөн нутагтаа 108 ламын хамт морилон ирж сэнтийдээ заларч, хувцас өмсгөлөө хүлээн аваад Өмнөд Энэтхэгийн Сэра дацанд Бурхан шашны бага боловсролыг эзэмшихээр зорьсон гэгээнтэн өнгөрсөн 4 сард эх нутагтаа иржээ.
Гэгээнтний дүрийг тодруулахдаа Хөвсгөл аймгийн Рашаант, Архангай аймгийн Цэцэрлэг сумын 0-13 насны 100 гаруй хүүхдийн нэрсийг Дээрхийн гэгээнтэн 14-р Далай ламд хүргүүлснээс 12 настай Шаравжамц хүүгийн нэрийг таалан мутрын тамгаа даржээ. Дарва бандид Агваанчойнжуурдондов нь 1860 оны эцсээр тус хошууны ядуу ард Насангийн гэрт төрсөн ба түүний бие балчир бага байхдаа 1870 онд Энэтхэгт төвдийн нэгэн бурханчлагдан тахигдсан том лам Дарва хувилгааны хойт дүр хэмээн залагдсан ажээ. 
Б.Гантуяа