Өвөрхангайд Ерөнхийлөгчийн сонгуульд 73 мянган хүн санал өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-06-17 17:37:00
Өвөрхангай /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулиар санал авах бэлтгэл ажил Өвөрхангай аймагт бүрэн хангагдаж байна. Тус аймгийн хэмжээнд 19 сумын сонгуулийн хороонд 97, 108 санал авах байранд 664 төрийн албан хаагч тус тус томилогдож, Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн хууль тогтоомж, журам заавар, цагийн хуваарь, Сонгуулийн хорооны гишүүдийн Ёс зүйн дүрэм, хуралдааны дэгийг мөрдөн ажиллаж байна.
Аймгийн Сонгуулийн хорооноос 9 удаа хуралдаж, дотоод зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд 19 сумын сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга нарыг сургалтанд хамруулаад байгаа аж. Мөн нийт 127 мэдээлэл технологийн даамлуудыг сургалтанд хамруулсан ба сонгуулиар 108 санал авах байранд нийт 108 даамал, нөөц 19 даамал ажиллахад бэлэн болоод байна. Өвөрхангай аймагт 73403 сонгогч санал өгөх юм. Сонгогчдын нэрийн жагсаалтыг хэсгийн хороод бүрт нээлттэй тавьж, сонгогчид нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгах боломжоор хангаж байгаа гэдгийг аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ