Зүрхний шигдээсийн дараа нөхөн сэргээх шинэ аргыг нээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
bars@montsame.mn
2017-06-16 15:30:20
ЛОНДОН./BBC/. Зүрхний шигдээс өвчний дараа фотосинтезийн дүнд хүчилтөрөгч ялгаруулдаг нянг зүрхэнд нэвтрүүлэх замаар нөхөн сэргээх шинэ аргыг Стэнфордын их сургуулийн эрдэмтэд нээсэн байна. Тэд энэ талаарх илтгэлээ  лхагва гарагт нийтэлжээ.

“Science Advances” сэтгүүлд нийтлэгдсэн уг илтгэлд дурдсанаар, одоогийн байдлаар лабораторийн хархан дээр хийсэн туршилт амжилттай болсон ба энэ аргыг хүн дээр турших боломжтой гэж эрдэмтэд үзэж байгаа аж. 

Зүрхний шигдээс болох шалтгаан нь зүрхний булчингийн цусан хангамж зогссонтой холбоотой байдаг. Цусны судас бөглөрсний улмаас зүрхэнд цусаар дамжин ирдэг хүчилтөрөгч ирэх нь зогсдог байна. 

Эрдэмтдийн үзэж байгаагаар, зүрхэнд фотосинтезийн урвалд орох чадвартай нэг эст “Synechococcus elongates” циано нянг оруулах аваас уг нян нүүрсхүчлийн хийг зайлуулж, зүрхний эсүүдийг хүчилтөрөгч, глюкозоор хангах юм.

Энэ аргыг амьд бие махбодь дээр туршиж үзэхээр эрдэмтэд шийдсэн байна. Хархнуудад зохиомлоор зүрхний шигдээс үүсгэсний дараа уг хархнуудын зүрхний булчинд нь циано нянг суулгаад улмаар зүрх рүү нь гэрэл тусгасан байна. 10 минутын дараа эхний хэсэг хархнуудын зүрхэн дэх хүчилтөрөгчийн хэмжээ нь циано нян суулгасан боловч гэрлийн цацраг тусгаагүй хоёрдахь бүлгийн хархнуудынхтай харьцуулахад хавьгүй илүү байгаа нь тогтоогджээ. 45 минутын дараа эхний бүлгийн хархнуудын зүрхний ховдлын агшилт нь сайжирсан байна.

Энэхүү арга нь хоргүй төдийгүй бие махбодийн дархлааны тогтолцоонд хариу үйлдэл /реакци/ үүсгэдэггүй ажээ. Түүнээс гадна, Synechococcus elongates циано нянг тарих арга нь шилжүүлэн суулгах гэж буй эрхтэнийг хэвийн байлгахад тус дөхөм болох юм.

Гэсэн хэдий ч эрдэмтэд яаран дүгнэлт хийхийг хүсэхгүй байна, учир нь хүний зүрхэнд чухам ямар нян тохирох нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Эмчилгээний энэхүү аргын дутагдалтай тал бол зүрхний мэс заслыг хийхдээ заавал цээжний хөндийг нээдэгт орших ба энэ нь ихээхэн эрсдэл дагуулдаг юм.

Эрдэмтэд шинэ аргаа илүү аюулгүй болгох дээр ажиллаж байна. Тухайлбал, циано нянг зүрхэнд шууд бусаар буюу венийн судсаар дамжуулан нэвтрүүлэх, түүнчлэн цээжний хөндийг ярахгүйн тулд гэрлийн цацрагийг зүрхэнд арьс, ясаар дамжуулан хүргэх аргыг олохоор ажиллаж байгаа ажээ.
О.Барс  

 

 

 

Холбоотой мэдээ