Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга Архангай аймагт ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-06-16 12:05:17
Архангай /МОНЦАМЭ/. Монгол улсын ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулгын сонгуулийн сурталчилгаа Архангай аймагт өнөөдөр өглөө 10.00 цагт аймгийн ЗДТГ-ын зааланд эхэллээ. Нэр дэвшигч Х.Баттулгыг намын гишүүд, дэмжигчид нь цэнхэр дээлээр жигдэрч, хадаг барин хүлээн авсан юм. Дараа нь Дэмид жанжны хөшөөнд цэцэг өргөж, төрийн дуулал эгшиглүүлж уулзалтаа эхлүүлсэн.

Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга “Монгол ялна” уриатай оролцож байгаа. Тэрээр “Монгол ялна гэдэг нь аж үйлдвэрийн салбараа хөгжүүлж, хүн бүр ажилтай болж байж өрнөөс гарна. Монгол хүн бүр өргүй байхын төлөө “Монгол ялна” гэж уриалсан юм. Бас хөдөө рүүгээ чиглэсэн бодлого алдагдсан. Хөдөө сумын 90, 100 жилийн ой болсны дараа сумдад байлсан морь, бөх л үлддэг. Тэгвэл төрийн оролцоотойгоор тэр суманд шинэ бүтээн байгуулалт үлдэх ёстой. Бид “Шинэ сум” төслөөр эхлүүлж байсан. Үүнийгээ үргэлжлүүлэхийн тулд “Монгол ялна” гэж уриалсан юм. Бидний мөрийн хөтөлбөр хэрэгжээд эхэлбэл Монгол хүний үнэлэмж Монголдоо өсөх юм. Монголын баялаг ард түмэндээ очих ёстой. Биднийг дэмжээрээ” хэмээн хэлэв.

Дараа нь өөрийн мөрийн хөтөлбөрөө гишүүд дэмжигчиддээ танилцуулж, түүнийг дэмжиж ахмад, залуу үеийнхэн, малчид, эмэгтэйчүүд, ээжүүдийн төлөөллүүд үг хэлж, дэмжинэ гэдгээ илэрхийлж байлаа. Ийнхүү Монгол улсын ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулгын сонгуулийн сурталчилгаа 12.30 цагт дууслаа. 

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ