Чацаргана төслийн хүрээнд усжуулалтын систем барьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-06-15 16:57:47
Увс /МОНЦАМЭ/ Герман улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын холбоо, Монголын ҮХАҮТ хоорондын хамтын ажиллагааны төслийн багийн ахлагч Рольф Шпайт Увс аймагт ажиллалаа. Тэрээр 2015 онд Чацаргана төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд төслийн үр дүн хэрхэн байгааг харахаар тус аймагт хүрэлцэн иржээ. Зочдыг аймгийн Засаг даргын орлогч Ц.Батболд, ХОХБТХ-ийн дарга Б.Бат-Ерөөлт, Увс аймаг дахь ХАҮТ-ийн дарга С.Сэржим нар хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр аймгийн Засаг даргын орлогч Ц.Батболд хэлэхдээ хэрэгжиж буй ижил төстэй төслүүдийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Чацаргана төслийн хүрээнд хийгдэж буй ажлуудыг эрчимжүүлэх, зэрлэг чацарганыг судалж тархац, нөөцийг нь тогтоох, таримал чацаргана шиг анхаарлаа хандуулж ажиллавал зүйтэй гэдгийг хэлээд цаашид Германы ХАҮТ-уудын холбоо Увс аймгийн хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх шаардлагатай гэлээ.
Төслийн хүрээнд 2015 оноос Увс аймагт чацарганы каластр байгуулж, сургалтаас эхлээд чацаргана тариалагчдад чиглэсэн олон арга хэмжээ зохион байгуулж иржээ. Газар тариалангийн ажил эрчимтэй явагдаж байгаа энэ үед танхимуудын хамтын ажиллагааны хүрээнд чацарганы аж ахуй эрхлэгчдийн хувьд хэрэгцээ шаардлагыг нь хангасан бас нэгэн ажил хийж байгаа нь Тэрэм хадны усжуулалтын системийн ажил юм. Гашууны гол дагуу 44 чацаргана тариалагч байдаг бөгөөд жил бүр усны гачаалд орж ургацанд нь нөлөөлөх явдал гардаг учир аймаг орон нутгийн дэмжлэгээр 20 хувь буюу 15 сая төгрөг, Германы ХАҮТ-уудаас 80 хувь буюу 57.3 сая төгрөг, нийт 72 сая 334 мянган төгрөгийн төсөвтэйгээр 1200 гаруй метр газар далан, суваг шуудууны ажил хийж байна. Тэрэм хадны орчимд ундарга сайтай байгалийн 3 булаг байдаг ба хуучин ашиглаж байсан цөөрмийн даланг сэргээж усны хуримтлалыг нэмэгдүүлэн улмаар суваг шуудуугаар усыг алдагдалгүйгээр жигд хуваарилах ба тухайн бетон шуудуу нь усыг хуримтлуулах үүрэгтэйг мэргэжлийнхэн дүгнэж байна. Тухайн ажлын өгөөж нь тариалан эрхлэгчдийн талбайд очих усны нөөцийг нэмэгдүүлэх, тэр чинээгээр ургацын хэмжээ нэмэгдэх давуу талтай. Нийтдээ 5 хаалт хийх ба хаалтаар талбай руу усаа нээх боломжтой болж төгсгөл хэсэгтээ Гашууны голын усны түвшинг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх чухал ажил юм. Тухайн ажлыг Ч.Эрдэнэбаатар захиралтай "Таван Од" ХХК гүйцэтгэж байна.
Б.Замбал
Холбоотой мэдээ