Төв шугаманд гэмтэл гарч, хэрэглээний халуун усыг түр хязгаарлаад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-06-15 15:09:33
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн төвийн дулаан болон хэрэглээний халуун усны төв шугаманд гэмтэл гарчээ. Одоогоор хоёр газрын гэмтлийг илрүүлэн засварын ажлыг хийж байна. Дахин нэг гэмтэл байгаа ч хараахан гэмтлийг нь олоогүй байгаа юм. Төв шугам гэмтсэнтэй холбоотойгоор хэрэглэгчдийг хэрэглээний халуун усаар түр хугацаагаар хязгаарлаад байна.
Төв шугамны гэмтлийн шалтгаан, засварын үйл явцын талаар Дөрвөлж ОНӨҮГ-ын инженер Ч. Алдарбатаас тодруулахад “ Тус шугамыг тав дахь жилдээ ашиглаж байгаа. Зэвэнд идэгдэж сүлжээ муудсан учир гэмтэл үүсэх гол шалтгаан болж. Хэрэглэгчиддээ хүндрэл учруулахгүйн тулд шугамны засварын ажилд манай байгууллагын инженер техникийн ажилчид гээд арав гаруй хүн, бүхий л техниз тоног төхөөрөмжөө ашиглан ажиллаж байна. Хоёр гэмтлийг нь олж зассан, одоо нэг гэмтэлийг олох ажил үргэлжилж байна. Ойрын хугацаанд шугам сүлжээг хэвийн ажиллагаанд нь оруулах болно...” гэв.
Хэдийгээр халаалтын ажил зогссон боловч Дөрвөлж ОНӨҮГ-ын хувьд аймгийн төвийн бүх хэрэглэгчдээ 24 цаг хэрэглээний халуун усаар хангаж байгаа. Үүнийг дурьддагийн учир нь урьд жилүүдэд дулааны улиралд хэрэглээний халуун усыг  зөвхөн амралтын өдрүүдэд өгдөг байсан юм.  
Т. Одончимэг 
Холбоотой мэдээ