Энэ онд тендэрээр 17 бүтээн байгуулалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-06-13 22:01:50
Өвөрхангай /МОНЦАМЭ/ Өвөрхангай аймаг дахь Орон нутгийн өмчийн газар нь 2017 оны эхний 6 сарын байдлаар 33 тендер шалгаруулалтыг зохион байгуулаад байна. Тодруулбал улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 8, Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 1, Авто замын сангийн хөрөнгө оруулалтаар 4, Байгаль орчны нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар 2, албан байгууллагуудын захиалгаар 17 тендэр зохион байгуулжээ.
Улсын төсвийн 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар  Хужирт сумын эмнэлгийн засвар, 70 сая төгрөгийн өртөгөөр аймгийн БОЭТ-ийн сантехникийн засвар, 21 сая төгрөгөөр Гучин-Ус сумын ЭМТ-ийн дээврийн засвар, БСШУЯ-ны хөрөнгөөр Төгрөг, Богд, Хужирт сумын дотуур байрны дээврийн засвар, Бат-Өлзий сумын ЕБС-ийн цахилгаан засвар, Арвайхээр сумын 1 дүгээр цэцэрлэгийн засварыг тус бүр 20-30 сая төгрөгөөр гүйцэтгэх аж.
Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй Бат-Өлзий сумын Соёлын төвийн барилга угсралтын ажлыг 980 сая төгрөгт багтаан гүйцэтгэхээр ДШЛ ХХК тендерт шалгарсан бол Орон нутгийн Хөгжлийн сангийн 1 тэрбум 67 сая төгрөгийн төсөвт өртөгтэй Ахмадын өргөөг 867 сая төгрөгөөр барихаар Ганнэгдэл ХХК шалгарч ажлаа эхлүүлээд байна.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ