Энэтхэгийн ЭСЯ-наас йогийг сурталчилсан үзэсгэлэн гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
mn_tuul@montsame.mn
2017-06-13 13:43:42
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад суугаа Энэтхэг Улсын ЭСЯ-наас энэ сарын 18-нд Их жанжин Д.Сүхбаатарын талбайд Олон улсын Йогийн өдрийг “Йог-Эв нэгдэл, Энхтайван” уриан дор гурав дахь жилдээ тэмдэглэнэ.
 
Олон улсын Йогийн өдрийг угтаж ЭСЯ-наас өнөөдөр Монголын Үндэсний музейд Йогийн тухай гэрэл зургийн үзэсгэлэнг гаргалаа.

 
Уг үзэсгэлэнг нээж Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Т.Суреш Бабу хэлэхдээ, “Йог гэдэг бол шашин биш. Йог бол сайн сайхан аж амьдрахуйн шинжлэх ухаан, бие болон сэтгэлийн зохицол юм. Йогоор хичээллэж байгаа иргэд болон йог судлаачид хүний бие бялдар, оюун санаанд үзүүлэх эерэг нөлөөний тухайд маш олон жагсаалтыг гаргасан байдаг. Ер нь йогийн талаар олон зүйлийг нэмж тайлбарлах шаардлагагүй байх гэж бодож байна. Ялангуяа йогоор хичээллэж байгаа хүмүүс йогийн ач холбогдлыг биеэрээ мэдэрсэн байдаг.
 
Энэхүү үзэсгэлэнд йогийн үндсэн байрлалыг харуулсан гэрэл зургийг дэлгэн, олны хүртээл болгож байна.Үзэсгэлэнг энэ сарын 18-ны ням гарагт их жанжин Д.Сүхбаатарын талбайд болох гол арга хэмжээг угтан зохион байгуулж байгаагаас гадна йогийн талаарх мэдлэг мэдээллийг түгээхэд чиглэж байна" гэв.


 
Энэ үеэр йогоор хичээллэдэг монгол багш нар йогийн дасгал хөдөлгөөнийг үзүүлж сонирхуулсан юм. "Дивали" йогийн төвийн багш М.Мөнхзул тэдний нэг бөгөөд тэрбээр төрсний дараа гам алдсанаас нуруу нь мурийж, хэт таргалалтаас хамааралтай олон өвчин түүнийг зовоож байснаас анх йогоор хичээллэх болсон. Одоо тэрбээр өмнөх бүх зовиураасаа йогийн ач тусаар салж чадсан төдийгүй өөрийн төвтэй болж, олон арван шавь нартай болоод байгаагаа ярьж байлаа. Шри шри амьдрах урлагийн багш С.Шинэхүчин гэх эмэгтэйн хувьд мөн л эрүүл мэндийн шалтгаанаар йогийг сонгон хичээллэсэн ба одоо мөн йогийн эрдмийг түгээн дэлгэрүүлэгч болтлоо өөрийгөө хөгжүүлж чадсан хэмээн ярьсан юм.

 
Энэ үеэр Монгол-Энэтхэг хоёр орны орчин үеийн улстөр, нийгэм, эдийн засгийн хамтын ажиллагаа, харилцааны талаар гэрэлт агшин бүхий гэрэл зургуудыг хамтатган тавьсан байсны зэрэгцээ йогийн тухай баримтат киног үзүүлж сонирхуулж байв. Үзэсгэлэн энэ сарын 18-н хүртэл үргэлжилнэ.

Нээлтийн арга хэмжээнд Энэтхэг Улсын ЭСЯ-ны Хоёрдугаар нарийн бичгийн дарга Ноён Рави Шанкер Гоел, Энэтхэг судлалын төвийн тэргүүн О.Нямдаваа, Монголын Үндэсний музейн захирал Д.Сүхбаатар нар оролцов. 
 
Эртний Энэтхэгээс үүсэлтэй йог нь өдгөө дэлхий дахинаа өргөн дэлгэрч буй. Учир нь Энэтхэг Улс 2014 онд анх Йогийн өдөртэй болох санаачилгыг НҮБ-д дэвшүүлсэн. Энэхүү хүсэлтийг дэлхийн 177 орон хүлээн зөвшөөрсний дагуу НҮБ-аас жил бүрийн 6 дугаар сарын 21-ний өдрийг Йогийн өдөр болгон 2015 оноос тэмдэглэн өнгөрүүлдэг болсон түүхтэй. 
 
 
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ