Нэр дэвшигчдийг сонгуулийн санхүүжилтээ ил тод зарлахыг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-06-13 12:31:54
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ (ШСТИНХС)-нээс өнөөдөр Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг санхүүжилтээ ил тод зарлахыг уриалав.

Үндэсний Аудитын газраас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн зардлын дээд хэмжээг нам 6.8 тэрбум, нэр дэвшигч 3.9 тэрбум төгрөг байхаар тогтоосон. Өөрөөр хэлбэл, нэг дэвшигч нийт 10.7 тэрбум төгрөг зарцуулах эрхтэй юм. 2017 оны Ерөнхийлөгчинй сонгуульд гурван хүн нэр дэвшиж байгаа тул нийт 32.1 тэрбум төгрөг зарцуулах магадлалтай хэмээн тус сүлжээ үзэж байгаа аж. Нэр дэвшигчид болон намууд энэ хэмжээний мөнгийг бие даан гаргаж чадахгүй байх магадлалтай тул ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор санхүүжилтээ ил тод зарлахыг уриалав.

Улс төрийн намын тухай хуульд “Нам санхүүгийн үйл ажиллагаандаа жил бүр аудит хийлгэн баталгаажуулж, нийтэд мэдээлнэ” хэмээн заасан. Түүнчлэн МАН, АН, МАХН-ын дүрэмд ч санхүүжилтээ ил тод байлгах тухай заалт орсон байна.

Тус сүлжээнээс Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн өдөр буюу энэ сарын 06-09-ний хооронд нэр дэвшигчдийн Хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХОМ)-ийн тухай мэдээллийг авах хүсэлтийг СЕХ-нд хоёр удаа хүргүүлсэн байна. Гэвч уг асуудал АТГ-тай холбоотой тул СЕХ хариу өгөх боломжгүй гэжээ. Өнөөдөр ШСТИНХС-нээс АТГ-т Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн ХОМ-ийг нийтэд ил, тод зарлах хүсэлт хүргүүлэх болжээ.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ