Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг сурталчиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-06-12 21:35:32
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд энэ өдрийг өнөөдөр "Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт"-ыг ААН, албан байгууллага, олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж тэмдэглэлээ. Мөн Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг олон нийтэд болон байгууллагуудад сурталчиллаа. Эл үйл ажиллагааг аймгийн Прокурорын газар, Лидер сурагч академи хамтран зохион байгуулсан байна.
Өрхийн амьжиргааг дээшлүүлж, ядуурлыг бууруулснаар хүүхдийн хөдөлмөрийг багасгана хэмээн төрөөс үзэж байгаа аж.
Жил бүрийн 6-р сарын 12-ны өдрийг "Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр" болгон тэмдэглэн ирсэн. Манай улс өнөөдөр 11 дэх жилдээ энэхүү хүүхдийн хөдөлмөрийн эсрэг өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Улсын хэмжээнд 72 мянга гаруй, Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 480 гаруй хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаа статистик мэдээ бий. Энэ бол өнгөрсөн жилийн тоо бөгөөд хүүхдүүд ар гэрийн гачигдал, хүндрэлээс шалтгаалан зайлшгүй байдлаар болон албан шахалтаар хөдөлмөр эрхэлдэг ажээ. 
 
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ