4K форматтай “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино нээлтээ хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-06-12 16:33:08
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын кино урлагийн салбарт олон улсын хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлэх зорилготой бүтээсэн найруулагч Д. Золбаярын бүтээл “Чингисийн хүүхдүүд” уран сайхны киноны Монгол Улс дахь албан ёсны нээлт энэ сарын 30-нд 1100 хүний суудалтай, Монголын хамгийн том 4k форматын ѳргѳн дэлгэцтэй кино театр “Corporate Cinema”-д болно.

Тус бүтээл нь Монголын эртний түүхт морины уралдааны уламжлал соёл, эрэмгий хурдан морь унах туршлагыг бага наснаасаа хуримтлуулж ирсэн Монгол хүүхдүүдийн ур чадварыг харуулсан бүрэн хэмжээний уран сайхны кино юм.

Зураг авалтаа 2016 оны дөрөвдүгээр сард эхэлсэн тус киног нэг жил хоёр сарын хугацаанд нийт нэг тэрбум 200 сая төгрөгийн төсвийг зарцуулан амжилттай бүтээж олон улсын болон дотоодын үзэгчдийн хүртээл болоход бэлэн болоод байна.

Киноны зураг авалтын дараах үйлдвэрлэлийг /постпродакшн/ АНУ-д гүйцэтгэсэн бөгөөд дэлхийн өргөн дэлгэцийн том форматын нэг болох 4k форматын кино юм. Энэхүү киноны дуу дүрсний нэгтгэлийг АНУ-ын EFIILM /efilm.com/ компани дөрвөн сарын турш хийж хамтран ажиллажээ.

Өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд АНУ-ын Кино ассоциациас АНУ-д гаргах лиценз болох GENERAL AUDEINCE буюу “Бүх насныхан” ангиллыг албан ёсоор авсан Монголын анхны уран сайхны кино юм.

Уг киноны продюссерээр Д.Ангараг, МУГЖ, дуучин Ж.Алтанцэцэг, зохиолчоор Д.Золбаяр ажилласан бол гол дүрд Д.Доржсамбуу, Д.Дорж, Д.Шаравдорж, Б.Батмэнд, Р.Анхням, Britanny Belt нар тоглосон байна. 

Ж.Болор
Холбоотой мэдээ