Ноён уулыг тусгай хамгаалалтад авахыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-10-30 14:00:58

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн 80 хувь нь хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэв.

Тогтоолын төслөөр Ноён уулыг тусгай хамгаалалтад авах асуудал хөндөгдөж байна. Нийт талбайн хэмжээ 11 мянган га талбайг хамруулах аж.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ж.Батзандан нар Ноён уулыг  хэсэгчилж бус нийтээр нь тусгай хамгаалалтад авах ёстой гэсэн санал хэлэв. Мөн Гацууртын ордод “нинжа” нар хууль бус олборлолт хийж байгааг төр зохицуулж чадахгүй байгааг гишүүд шүүмжлэв.

Үүнд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг “Хоёр долоо хоногийн өмнө Гацууртын ордод үүссэн нөхцөл байдалтай холбоотой Ерөнхий сайд холбогдох албаны хүмүүсийн мэдээллийг сонссон. Цагдаагийн ерөнхий газраас өгч буй мэдээлэлд тус газарт эрүүгийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан хүн хүч хүрэлцэхгүй байгаа тухай хөндсөн. Засгийн газар уг асуудлыг зохицуулахын тулд Ноён уулыг хамгаалалтад авах төсөл өргөн мэдүүлсэн” хэмээн хариулав.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь тогтоолын төслийг хэлэлцэх нь зөв гэж үзлээ.

Ч.Ариунболд

 

Холбоотой мэдээ