Энэ зун олон жилийн дунджаас 0.5-1.5 хэмээр дулаан байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 15:56:55

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн албанаас өнөөдөр энэ зун цаг агаар ямар байх тухайд хэвлэлийнхэнд мэдээллээ. Тэдний мэдээлснээр энэ зун олон жилийн дунджаас 0.5-1.5 хэмээр дулаан байх төлөвтэй байна.

Монгол орны 1940 оны уур амьсгалыг 2014 онтой харьцуулахад жилийн дундаж хэм 2.1 градусаар нэмэгдэж харин хур тунадас 10 орчим хувь буурсан байна. Харин энэ зуны зуншлага зургадугаар сарын 20-ний байдлаар нийт нутгийн 40 гаруй хувь буюу Ховд, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн ихэнх, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дундговь, Өмнөговийн зарим сумдын нутгаар сайн, 10 гаруй хувьд буюу Баян-Өлгийн Улаанхус, Цэнгэл, Говь-Алтайн Эрдэнэ, Баянхонгорын Шинэжинст, Баянлиг, Баян-Өндөр, Булганы Дашинчилэн, Дархан-Уулын Дархан, Хонгор, Шарын гол, Төв аймгийн Баян, Хэнтийн Дархан-Оргил, Дэлгэрхаан, Сүхбаатарын Түвшинширээ, Өмнөговийн Цогт-Овоо, Гурвантэс, Ноён, Хүрмэн, Цогтцэций, Дундговийн Баянжаргалан, Дорноговийн Айраг, Иххэт сумдын нутгаар муу, 50 орчим хувьд дунд зэрэг байна.

Газар тариалангийн бүс нутгаар улаанбуудайн ургалтын хувьд Увсын Баруунтуруун, Хэнтийн Гурванбаянд гурав дахь навчлалт, Хөвсгөлийн Тариалан, Булганы Сэлэнгэ, Дорнодын Халхгол, Өвөрхангайн Хархорин, Сэлэнгийн Цагааннуур, Баруунхараа, Орхон, Ерөө, Төвийн Эрдэнэсантад бутлалт, Дархан-Уулын Дарханд голлолт ажиглагдсан ба ургалтын байдал дунд зэрэг бусад нутагт сайн байна. Төмсний хувьд Архангайн Түвшрүүлэх, Дархан-Уулын Дархан, Хонгорт хажуугийн нахианы үүсэл, бусад нутагт цухуйлтын үе шат үргэлжилж байгаа ба Баян-Өлгийн Баяннуур, Сүхбаатарын Баруун-Урт, Төвийн Борнуур, Дархан-Уулын Хонгорт дунд зэрэг, бусад газруудад сайн байгаа аж.

Ирэх долдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлвөөр агаарын температур нутгийн хойд хагаст уур амьсгалын дунджаас 0.5-1.5 градусаар дулаан, баруун ба говийн нутгийн өмнөд, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр дунджийн орчим байх төлөвтэй гарчээ. Сарын дунд үеэр нутгийн баруун хэсэгт сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус дулаан байх нь. Говийн бүс нутгаар шөнөдөө 13-18, өдөртөө 19-24 градус дулаан байх ба бусад үед халах гэнэ. Хур тунадас баруун зүгийн нутаг, төв болон зүүн зүгийн нутгийн баруун, говийн нутгийн хойд хэсгээр дунджаас бага, бусад нутгаар дунджийн хэмжээнд орох дүн мэдээ гарсан байна. Харин наймдугаар сард агаарын хэм төвийн нутгийн баруун хэсэг, говийн нутгаар уур амьсгалын дунджаас 0.5-1.5 градусаар  дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх гэнэ. Хур тунадас  ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, говийн нутгийн зүүн хэсгээр дунджаас бага орох ажиглалт бүртгэгджээ.

Б.Мөнхзаяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд