50 хүн хачигт хазуулж, эмчлүүлсэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-06-09 16:15:24
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт 2017 оны гарсаар 50 хүн хачигт хазуулж, эмчлүүлсэн байна. Энэ тохиолдлууд нь Цэнхэр, Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Ихтамир, Өндөр-Улаан, Тариат, Чулуут, Өлзийт, Хоршоолол, Батцэнгэл сумдад гарсан бөгөөд нас барсан бүртгэл байхгүй байна.

Иргэд ихэнх тохиолдолд мал маллах, ноос, ноолуур, малын гаралтай бүтээгдэхүүнтэй харьцах, ойд зугаалах, мод түлээ бэлтгэх, хүүхдүүд улирлын амралтаараа эцэг эхдээ туслах үедээ хачигт хазуулж халдвар авч байгааг Архангай аймгийн Зоонозын төвөөс мэдээлж байна. Энэ төвөөс иргэдэд хачигт халдварын голомттой ой мод, бэлчээрт явахдаа тод өнгөтэй, битүү хувцас өмсөх, хачигтай бүсэд ажиллаж байгаа тохиолдолд 3-4 цаг тутамд биеэ шалгаж, хачгийг зайлуулах, хачиг үргээгч бодис хэрэглэх, хачигт хазуулсан тохиолдолд хачигны хошууг арьсанд үлдээлгүй авч хазсан хэсгийг спирт, иодоор арчих зэрэг мэдээллийг өгсөөр байна.

Улс болон Архангай аймагт гарсан нийт Зоонозын шалтгаант өвчний сэжигтэй дуудлагын 90 хувь нь хачигт риккесиозын дуудлага эзэлж байгаа ажээ. Архангай аймагт 2005-2016 онд хачигт риккетсиоз өвчнөөр 104, хачигт боррелиоз өвчнөөр 3, хачигт энцефалит  өвчнөөр 2 хүн өвчилж, эмнэлзүй, тархвар судлал, лабораториор оношлогдон улсын мэдээнд орсон байдаг. Үүнээс нэг хүн хачигт риккетсиоз өвчний улмаас нас барж байжээ.

Энэ онд Говь-Алтай, Булган, Дархан, Орхон аймгуудад таван хүн хачигт риккетсиоз, хачигт энцефалит өвчнөөр нас барсан байна. 

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ