Европын холбооны орнууд Европын нэгдсэн прокурорын газар байгуулахаар шийджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
bars@montsame.mn
2017-06-09 09:09:31
БРЮССЕЛЬ./TASS/. Европын холбооны гишүүн орнууд удтал хэлэлцсэний эцэст Европын нэгдсэн прокурорын газар байгуулахаар шийдлээ гэж ЕХ-ны хэвлэлийн алба мэдээлжээ.

“6 дугаар сарын 8-нд Европын прокурорын газар байгуулах ажлыг хариуцаж буй гишүүн орнууд тус прокурорын газрын үйл ажиллагаа, үүргийн талаар дэлгэрэнгүй тусгаж заасан хуулийг хэлэлцэн санал нэгдсэн” хэмээн уг мэдэгдэлд дурджээ.

Энэхүү шинэ бүтэц нь “тодорхой нөхцөлд шүүхийн журмаар луйвар болон ЕХ-ны санхүүгийн ашиг сонирхлыг хөндсөн бусад гэмт хэргийг мөрдөн шалгаж, мөшгих бүрэн эрхтэй байх юм. Тус байгууллага нь ЕХ-нд луйвар гарах явдалтай тэмцэхэд Европын болон гишүүн орнуудын хууль сахиулах байгууллагуудын ажиллагаа хүч чармайлтыг нэгтгэн зангидах юм” гэж тайлбарлажээ.

Нэгдсэн прокурорын газар Люксембург улсад байрлана. Энэхүү бүтэц нь “дээрх шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш гурван жилийн дараа” ажиллаж эхлэнэ гэж тооцоолж байгаа аж.

ЕХ-ны гишүүн орнууд өнгөрсөн оны намраас хойш Европын нэгдсэн прокурорын газар байгуулах тухай хэлэлцэж байгаа ч тохиролцоонд хүрч чадаагүй байсан юм. Хэлэлцээний дүнд ЕХ-ны 20 орон тохиролцоонд хүрч чадсан ба одоо тэд хамтдаа шинэ бүтцийг байгуулах дээр хамтран ажиллаж байгаа ажээ. ЕХ-ны үлдсэн найман орон энэ ажилд хүссэн үедээ нэгдэх боломжтой гэж ЕХ-ны Зөвлөл онцлон тэмдэглэжээ.
О.Барс 
Холбоотой мэдээ