Умард Солонгос хөлөг онгоц устгах хэд хэдэн пуужин харвалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-06-08 08:54:34
СӨҮЛ./TASS/. Умард Солонгосын Вонсан боомтын бүсээс пүрэв гарагт хөлөг онгоц устгах хэд хэдэн пуужин харвасан ба тэдгээр пуужин нь 200км нисэн Японы тэнгист унажээ. Энэ тухай “Yonhap” агентлаг Өмнөд Солонгосын цэргийн эх сурвалжийг иш татан мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, БНАСАУ урьд нь мэдээлж байсан шиг баллистик биш харин далавчит пуужин туршжээ. NHK телевиз Засгийн газрын эх сурвалжийг иш татан энэ мэдээллийг баталснаас гадна, пуужин харвасан явдал нь Японы аюулгүй байдалд шууд заналхийлээгүй гэж мэдээлжээ.
Японы “Kyodo” агентлагийн мэдээлснээр, эдгээр пуужин Японы эдийн засгийн бүсийн гадна унасан байна. Засгийн газар эдгээр пуужингийн туршилтын талаарх нэмэлт мэдээллийг цуглуулж байгаа төдийгүй пуужин харвасантай холбоотой Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг зарлан хуралдуулжээ. “TBS” телевизийн таамагласнаар, Умард Солонгосын пуужингийн энэ туршилт нь 6 дугаар сарын 2-ны өдөр баталсан НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн ээлжит тогтоол, мөн Сингапурт болсон Ази Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын “Шангри-Ла яриа хэлэлцээ” бага хурал дээр Пхеньяныг буруутган шүүмжилсэн явдлыг эсэргүүцэж байгаагийн нэг хэлбэр аж.
Умард Солонгос хамгийн сүүлд энэ бүсэд 5 дугаар сарын 29-нд пуужин харваж байсан бөгөөд тэр үед “Scud” төрлийн баллистик пуужин туршсан билээ.
О.Барс

Холбоотой мэдээ