ХБНГУ-аас олгох Нэмэлт зээлийн болон төслийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-06-06 18:18:25
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар ХБНГУ-аас олгох Нэмэлт зээлийн болон төслийн гэрээний төслийг хэлэлцэж, зөвшилцөхийг дэмжив.

Засгийн газраас 2017 оны тавдугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2016-2017 оны хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Нэмэлт зээлийн болон төслийн гэрээний төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. Нэмэлт зээлийн болон гэрээний төслийн талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулав.

Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Эрчим хүчний үр ашиг-1 хөтөлбөрийн хүрээнд 2012 оноос ХБНГУ-ын Сэргээн босголт, хөгжлийн банкны 10.5 сая еврогийн нэн хөнгөлөлттэй зээл, Монгол Улсын Засгийн газрын 2.85 сая еврогийн хөрөнгө оруулалт, нийт 13.35 сая еврогийн санхүүжилтээр  “Дарханы дулааны цахилгаан станцын турбины шинэчлэл” төслийг хэрэгжүүлж байна. Төслийг 2018 онд бүрэн хэрэгжиж дуусахад нийт 11 сая евро санхүүжилт шаардлагатай байгаа аж. Монголын Засгийн газрын санхүүжилтийн хэмжээ нийт 6.5 сая евро, үүнээс 1,5 сая еврог төсвийн санхүүжилтээр шийдвэрлэж, үлдэх 5 сая еврог ХБНГУ-ын зээл хөрөнгөөр санхүүжүүлэхээр 2016 оны 11 дүгээр сард зохион байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээгээр тохиролцсон байна. Энэхүү 5 сая еврогийн санхүүжилтийг “Эрчим хүчний үр ашиг-1 хөтөлбөр”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын 2016-2017 оны хэлэлцээр, Нэмэлт зээлийн болон төслийн хоёр дахь гэрээний хүрээнд зээлийн хүү (жилийн) 2,0 хувь, хугацаа 30 жил,  үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жилийн нөхцөлтэй аж.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулж, Нэмэлт зээлийн болон төслийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ.
Н.Туяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ