Урлаг спортын шилдгүүдээ тодруулдаг хаврын баярт 1200 хүн оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-06-05 17:00:29
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймагт жил бүрийн хавар уламжлал болгон зохион байгуулдаг “Хаврын баяр” урлаг, спортын наадам амжилттай болж өнгөрлөө.
15 дахь удаагийн хаврын баяр наадам энэ жил Тосонцэнгэл суманд болж 1200 гаруй хүн оролцлоо. Орон нутагт урлаг соёл, нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилготой энэхүү наадамд 24 сумын Засаг дарга багаа ахалж оролцсон бөгөөд сум сумаас шалгарсан урлаг, спортын шилдгүүд авьяас чадвар, хурд хүчээ сорьжээ. “Хаврын баяр-2017” урлаг, спортын наадмыг энэ жил үндэсний бөх, үндэсний сур, хасаа харваа, сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, даам, ширээний теннис, дартс гэсэн спортын 9 төрөл, уртын дуу, хөгжмийн хамтлаг, ардын бүжиг, ардын аман зохиол, зохиолын дуу гэсэн урлагийн таван төрлөөр тус тус зохион байгуулжээ. Өмнөх жилийн наадмуудад бүсүүдээс шалгарсан шилдгүүд аймгийн төвд ирж өрсөлддөг байсан бол энэ жилийн наадамд сум сумын шилдгүүд оролцсон юм. Мөн багийн спортын төрлүүдэд сумууд нэгээс хоёр легонер тамирчин оролцуулахыг зөвшөөрсөн нь наадмыг улам сонирхолтой, өрсөлдөөнтэй болгосноос гадна орон нутгийн тамирчид тэднээс суралцах боломжийг олгосноороо онцлогтой наадам боллоо. Үндэсний сурын харвааны ерөнхий шүүгчээр Монгол Улсын мэргэн, спортын мастер Б.Ёндон ажилласан гээд Завхан аймгаас төрсөн алдартнууд тус наадамд нэлээд ач холбогдол өгч оролцлоо.
Б.Мягмарсүрэн 
Холбоотой мэдээ