Турин хотод хөлбөмбөгийн 1500 хөгжөөн дэмжигч гэмтэж бэртжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2017-06-05 13:10:11
ТУРИН. /ВВС/. Өнгөрсөн бямба гарагийн орой Италийн Турин хотод салют буудах чимээнээр сандралд орсон хүмүүс шахцалдан гүйх үеэр 1500 орчим хүн гэмтэж бэртсэн гэж тус улсын цагдаа нар мэдэгдлээ.

Эх сурвалжийн мэдэгдсэнээр, Уэльсийн нийслэл Кардифф хотод Италийн хөлбөмбөгийн “Ювентус” баг болон Испанийн “Реал  Мадрид” багийн хооронд болсон Аваргуудын лигийн цомын төлөөх тоглолтыг хөлбөмбөгийн олон мянган хөгжөөн дэмжигч Турины төв талбайд том дэлгэцээр шууд үзэж байх үед салют дэлбэрсэн байна. Салют буудах үед тэсрэх бөмбөг дэлбэрлээ гэсэн цуурхал тархаж, хүмүүс сандралдан гүйлджээ.

Энэ үеэр 1500 орчим хүн бусдын хөлд дарагдан гэмтэж бэртжээ. Тэдний долоо нь нэлээд хүнд бэртсэн байна.

Уг тоглолтод “Реал Мадрид” баг ялснаар 12 дахь удаагаа Аваргуудын лигийн цомын эзэн болсон билээ.



Г.Доржханд
 
 
Холбоотой мэдээ