Лондоны халдлагатай холбогдуулан 12 хүнийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-06-05 08:13:10
ЛОНДОН. /BBC/. Өнгөрсөн бямба гарагийн орой Их Британийн нийслэл Лондон хотод болсон террорист халдлагуудтай холбогдуулан 12 хүнийг баривчлан саатуулаад байна гэж тус улсын цагдаа нар мэдэгдлээ. Халдлагуудын улмаас 7 хүн амь үрэгдэж, 48 хүн эмнэлэгт хүргэгджээ.

Бямба гарагийн 22:00 цагийн үед  Лондоны гүүрэн дээр тээврийн хэрэгсэлтэй этгээдүүд явган зорчигчдыг дайрч мөргөөд, дараа нь “Borough Market” худалдааны төвөөс холгүй орших газарт болон тус төвийн хажуугийн ресторануудад хүмүүсийг хутгалан шархдуулсан юм.

Цагдаа нар гурван гэмт этгээдийг буудан устгасан бөгөөд гэмт этгээдүүдийг хэн болохыг нь олж тогтоохоор ажиллаж байна.

Энэ цуврал террорист халдлагатай холбогдуулан өчигдөр хийсэн засгийн газрын яаралтай хуралдааны дараа Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй мэдэгдэл хийжээ. Тэрбээр хэлэхдээ “сэжигтнүүд лалын хэт давруу үзлийн нөлөөнд автсан байсан. Их Британид гурван сарын дотор гурван удаа  террорист халдлага боллоо. Хангалттай гэхэд дэндүү хангалттай” гэжээ. Муу ёрын лалын хэт давруу үзлийг сөрөн зогсохын тулд эв нэгдлээ бэхжүүлэхийг тэрбээр ард түмэндээ уриалжээ.

Их Британид энэ долоо хоногийн пүрэв гарагт парламентын сонгууль болох юм.

Эрх баригч Консерватив нам болон сөрөг хүчний Хөдөлмөрийн нам террорист халдлагатай холбоотойгоор сонгуулийн сурталчилгаагаа түр зогсоосон байна.
 
Г.Доржханд



Холбоотой мэдээ