НҮБ-ын Аюулгүйн зөвлөл БНАСАУ-ын эсрэг хоригийг өргөжүүлэх тогтоолыг 100 хувийн саналаар баталлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-06-03 10:23:50

НҮБ./TASS/. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл БНАСАУ-ын эсрэг тавьсан хоригийг өргөжүүлэх тухай тогтоолын төслийг 100 хувийн саналаар дэмжин баталлаа. Уг тогтоолд Умард Солонгосын ашиг сонирхолд нийцсэн үйлдэл хийсэнд холбоотой байж болох хэд хэдэн байгууллага, хувь хүнийг хоригийн жагсаалтад оруулахаар заажээ.
НҮБ-д суугаа Оросын байнгын төлөөлөгчийн орлогч Владимир Сафронков ОХУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2356 тоот тогтоолыг дэмжсэн, гэхдээ сөргөлдөх хандлага нь Солонгосын хойгийн хувьд муу үр дагавартай гэж мэдэгджээ. Дипломатчийн үзэж байгаагаар, тус хойгийн хямралт нөхцөл байдал нь хамтын ажиллагааг сэргээхийг шаардаж байгаа ба Орос улс үүнд бэлэн байгаа ажээ.
Хятадын байнгын төлөөлөгч Лю Жейгийн үзэж байгаагаар Пхеньяны цөмийн болон пуужингийн хөтөлбөрийн хувьд олон улсын хамтын нийгэмлэг “бүрэн санал нэгтэй” байгааг дээрх тогтоолыг батлах санал хураалтын дүн харууллаа гэжээ. “Гэхдээ үүний зэрэгцээ, Солонгосын хойгт тогтвортой байдал, энхийг сахиулахад хүч чармайлтаа тавих нь чухал байна. Нэгэн зэрэг Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох, энхийн арга замаар зохицуулан шийдвэрлэх механизмыг бий болгох замаар явах шаардлагатай байна” хэмээн тэрбээр нэмэн хэлжээ.
НҮБ-д суугаа АНУ-ын Байнгын төлөөлөгч Никки Хейлигийн мэдэгдсэнээр, АНУ Умард Солонгост шахалт үзүүлэх хориг арга хэмжээгээ үргэлжлүүлнэ, харин тус улсын дэглэмийг солих гээгүй гэжээ.
“Аюулгүйн зөвлөл Умард Солонгост цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө зогсоох шаардлагатай гэсэн тов тодорхой дохио сануулгыг өглөө, эсрэг тохиолдолд Умард Солонгос үр дагаврыг нь амсах болно. Пуужин харваж байгаа нь олон улсын аюулгүй байдал, энх тайван амьдралд заналхийлж байгаа явдал, иймд олон улсын хамтын нийгэмлэг ийм заналхийлэлд хариу барих ёстой” хэмээн Н.Хейли 100 хувийн саналаар батлагдсан Аюулгүйн зөвлөлийн тогтоолын талаарх тайлбартаа хэлжээ.
“Умард Солонгос НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолын зүйл заалтуудыг биелүүлэхээс нааш ийм шахалтыг үзүүлсээр байх болно, иймд АНУ хариуцлагатай бодлого явуулдаг улс орнуудад Умард Солонгостой дипломат харилцаагаа таслаж, Умард Солонгостой хууль бус худалдаа хийхийг зогсоохыг уриалан хандаж байна” хэмээн Н.Хейли онцлон дурджээ.
О.Барс
Холбоотой мэдээ