Он гарснаас хойш зам тээврийн ослын улмаас 11 хүн нас баржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-06-02 21:24:11
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Цагдаагийн газар, аймгийн ЗДТГ-тай хамтран  “Аюулгүй-Амартайван Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд  "Сүүн цацал" арга хэмжээг зохион байгууллаа. Даланзадгад Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай авто зам дээр энэхүү арга хэмжээг явуулаа.
Он гарсаар тус аймагт зам тээврийн ослын шинжтэй 270 орчим дуудлага ирсэн бөгөөд үүнээс 45 нь гэмт хэргийн шинжтэй байжээ. 
"Он гарснаас хойш зам тээврийн ослын улмаас 11 хүн нас барсан. Энэхүү гарч байгаа зам тээврийн ослыг бууруулах, үүнд ард иргэдийн анхаарлыг хандуулах зорилгоор "Сүүн цацал" арга хэмжээг хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа. Өмнө нь бид аймгаас баруун тийш гардаг засмал зам дээр сүүн цацал өргөж эх дэлхийгээ аргадсан" гэж Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад О.Чулуунбаатар ярилаа. 
Энэхүү арга хэмжээг зохион байгуулснаар иргэдийн сэтгэл зүйд нөлөөлж жолооч нарын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, зам дагуу гарч байгаа осол аваарыг буурна гэж үзэж байгаа ажээ. 
Зам тээврийн ослын улмаас нас барсан дээрх иргэдийн 6 нь Цогтцэцийгээс Гашуунсухайтын чиглэлийн нүүрс тээвэрлэлийн зам дээр амь насаа алдсан аж. 
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ