Шри-Ланкт үер, хөрсний нуралтын улмаас олон хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2017-05-27 08:31:00

КОЛОМБО. /ВВС/. Шри-Ланкт ширүүн бороо орсны улмаас үер болж, хөрсний нуралт үүссэнээр 90 гаруй хүн амиа алджээ.

Зүүн Өмнөд Азийн тус улсад энэ долоо хоногийн эхээс ширүүн бороо орж эхэлсэн аж. Үерт олон айлын орон гэр урссан байна.

Холбогдох албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, тус улсын өмнөд нутгийн Калутара болон Ратнапура мужид 91 хүн амиа алдаж, 110 гаруй хүн гэмтэж бэртжээ.  Үер болон хөрсний нуралт нь 500 мянга гаруй хүний аж амьдралд сөргөөр нөлөөлжээ.

Байгалийн гамшигт өртсөн хүмүүст тусламж дэмжлэг үзүүлэхийг Шри-Ланкийн Засгийн газар НҮБ болон хөрш орнуудад уриалж байна.

Бороо ойрын өдрүүдэд зогсох төлөвгүй байгаа учир гол нуурууд эргээсээ хальж, илүү их гарз хохирол учирч болзошгүй гэж цаг уурчид анхаарууллаа.

Гол нуурын ойролцоо амьдардаг хүмүүсийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ.

Шри-Ланкт одоо борооны улирал болж байгаа юм.

Өнгөрсөн оны тавдугаар сард тус улсад үер, хөрсний нуралтад 100 гаруй хүн өртөн амиа алдаж байсан аж.
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ