Т.Аюурсайхан: Монголбанк гурван их наяд төгрөгийн алдагдалд орсон

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-05-24 14:17:47
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монголбанкинд хийсэн шалгалтын дүнгийн тухай танилцуулгыг сонслоо.

Монголбанкинд хийсэн шалгалтын ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ажилласан байна. Т.Аюурсайхан энэ үеэр Монголбанк нийт  гурван их наяд төгрөгийн алдагдалд орсон. Төв банкны өмнөх удирдлагуудын хариуцлагагүй үйлдэлд хариуцлага тооцох ёстой гэлээ.

Тодруулбал, Монголбанк 3 их наяд 19 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай. Үүнд, 2012 онд 302 тэрбум, 2013 онд 424 тэрбум, 2014 онд 535 тэрбум, 2016 онд 1 их наяд 648 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. Алдагдалтай ажиллах болсон шалтгаан нь хүүгийн алдагдал 524 тэрбум төгрөг, своп, порвард хэлцэл байгуулснаар 1,7 их наяд төгрөгийн алдагдал, гадаад валютын арилжааны алдагдал 462 тэрбум төгрөг болсонтой хамаатай гэв.
 
Уг танилцуулгатай холбогдуулж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, "Тухайн байгууллагад шалгалт хийсэн бол удирдлагуудтай нь уулзаж санал солилцох ёстой. Харамсалтай нь УИХ-аас байгуулсан ажлын хэсэг бидэнтэй санал солилцоогүй. Энэхүү мэдээллийг манай ажилтнууд анх удаа сонсож байна. Миний хувьд МАН-ын бүлгийн хуралдааны үеэр нэг сонссон. Одоо ярьж байгаа асуудал тус бүр дээр тайлбар хийх бололцоогүй. Учир нь бидэнд шалгалтын дүнгийн танилцуулгыг өгөөгүй. Танилцуулгыг авч үзсэний дараа саналаа хэлье. Төв банкны хараат бус байдлыг харгалзан үзэж шийдвэрээ гаргахыг хүсч байна" гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Т.Аюурсайханд хандаж уг танилцуулгыг хүргүүлэх хэрэгтэй хэмээн үүрэг болгов.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чадраабал
 

Холбоотой мэдээ