"Бага ангийн сурагчдын олимпиад" боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-05-23 11:05:35
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханбогд суманд "Бага ангийн сурагчдын олимпиад" боллоо. 
Монгол Улсын Боловсролын тэргүүний ажилтан Б.Чогдов агсны нэрэмжит дээрх олимпиадыг “Оюуны өргөө Ханбогд” ТББ санаачлан 1978 оны шавь нар, Аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, сумын хүүхдийн хүндэт элч Б.Эрдэнэ-Очирын дэмжлэгтэйгээр зохион байгуулжээ.
Тус олимпиадыг 2-3 дугаар анги болон 4-5 дугаар анги гэсэн хоёр ангилалтайгаар монгол хэл, математик, унших бичгийн хичээлээр явуулсан байна. Олимпиадад 400 гаруй сурагчид мэдлэг оюун авъяас чадвараа сорин амжилттай оролцлоо.
2-3 дугаар ангийн монгол хэлээр 3б ангийн сурагч Б.Наранбаяр, математикаар 3а ангийн сурагч Ц.Мөнх-Эрдэнэ, у
нших бичиг 2а ангийн сурагч М.Номин-Эрдэнэ нар шалгарсан байна. Мөн 4-5 дугаар ангийн монгол хэлээр 5б ангийн сурагч Ё.Анхзаяа, математик 5б ангийн сурагч Б.Төрболд, унших бичиг 4б ангийн сурагч Б.Азжаргал нар мэдлэгээрээ бусдыгаа манлайлсан байна.
Уг арга хэмжээнд У.Баярмаа багштай 2б анги, н.Энхмарт багштай 5б ангиуд амжилттай бөгөөд оролцоо сайтай байсныг зохион байгуулагчид онцоллоо. Мөн шавь нар нь хамгийн сайн амжилт үзүүлсэн багшаар Б.Сарангуа, О.Наранцацралт нар шалгарсан байна. Энэхүү олимпиадыг Аймгийн боловсрол, соёл спортын газар дэмжиж олимпиадын материалыг бэлтгэн хамтран ажилласан ажээ.
Б.Чогдов агсан нь Ханбогд сумын анхны ууган сэхээтэн, 50 гаруй жилийн сурган хүмүүжүүлэх хөдөлмөр зүтгэлээ Галба нутгийн ирээдүй хойчийн төлөө зориулсан нэгэн юм.
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ