А.Усманов “Арсенал”-ын хувьцааны хяналтын багцыг эзэмших бодолтой байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
sarnai@montsame.mn
2017-05-20 15:16:41
МОСКВА./FINANCIAL TIMES/. Оросын тэрбумтан Алишер Усманов Английн хөлбөмбөгийн “Арсенал” клубын хувьцааг 1,3 тэрбум доллароор худалдаж авъя гэсэн саналыг Америкийн бизнес эрхлэгч Стэн Кронке-д тавьжээ. 

2016 оны 2 дугаар сард Усмановын бизнесийн түнш байсан Фахрад Мошири  өөрт нь байсан “Арсенал”-ын хувьцааг бүгдийг нь Оросын тэрбумтанд заржээ. Ингэснээр Усманов тус клубын хувьцааны 30,04 хувийг эзэмших болсон юм. Тэрбээр 2007 оноос эхлэн уг клубын хувьцааг цуглуулж байгаа аж. Харин “Арсенал”-ын хувьцааны 67,05 хувийг Америкийн иргэн С.Кронке эзэмшдэг байна.

А.Усманов 4 дүгээр сард хяналтын багцыг худалдан авах саналаа Кронке-д тавьжээ. Харин Кронке өөрт ногдох хувьцаагаа зарах бодолгүй байгаа гэдгээ хэлсэн боловч Оросын тэрбумтанд албан ёсоор ямар нэгэн хариу өгөөгүй байгаа гэнэ. Алишер Усманов нь “Bloomberg”-ийн гаргасан Оросын хамгийн баян хүмүүсийн жагсаалтад тавдугаарт бичигдэж байгаа бөгөөд түүний хөрөнгийн хэмжээ 14 тэрбум доллар ажээ.
 
Дашрамд дурдахад, “Арсенал” клуб Английн аварга шалгаруулах тэмцээн дуусахад нэг тойрог үлдээд байгаа энэ үед 72 оноотойгоор 5 дугаарт жагсч байна.
Х.Сарнай  
Холбоотой мэдээ