Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч АНУ-д айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-05-17 08:15:26
СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Мүн Жэ Ин ирэх сард АНУ-д айлчилж, тус улсын Ерөнхиийлөгч Дональд Трамптай анхны уулзалтаа хийнэ.

Өчигдөр буюу мягмар гарагт Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газраас гаргасан мэдэгдэлд дурдсанаар, хоёр улсын удирдагчдын анхны уулзалтыг зургадугаар сарын сүүлчээр Вашингтон хотноо хийхээр Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Азийн газрын захирал Мэтт Поттингер, Мүн Жэ Иний гадаад бодлогын зөвлөх Чун Ей Ён нар тохиролцжээ.

Цөмийн болон пуужингийн хөтөлбөрөөсөө татгалзах хүсэлгүй байгаа Умард Солонгосын талаар хоёр улсын удирдагчид ямар байр суурьтай байгаа нь айлчлалын үеэр хийх яриа хэлэлцээний гол сэдэв байх төлөвтэй байна.

Цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг Умард Солонгостой яриа хэлэлцээ хийх замаар шийдвэрлэх хэрэгтэй гэж Мүн Жэ Ин үзэж байгаа юм.

Нөхцөл байдал бүрдвэл Умард Солонгостой яриа хэлэлцээ хийх болно гэж М.Поттингер, Чун Ей Ён нар хэлсэн тухай Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газар мөн мэдэгдлээ.
Г.Доржханд
 

Холбоотой мэдээ