Тагнуулын байгууллагын төсвийг танахыг эсэргүүцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-10-27 18:22:48

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдаж, 2016 оны төсвийн төслийг хэлэлцэн санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Төсвийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “30 гаруй агентлаг байдгаас хэдхэн нь тусгай чиг үүрэгтэй ажилладаг. Гэтэл Тагнуулын байгууллагын төсвийг танахаар хуулийн төсөлд тусгасан байна. Энэ байгууллага Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг батлан хамгаалахад томоохон хөшүүрэг болдог тул төсвийг нь танахыг дэмжихгүй" гэлээ.

Тэрбээр, Тагнуулын байгууллага халаасны хулгайч нарын араас хөөцөлддөггүй. Нэг ажлыг гүйцэтгэхийн тулд 4-5 жил зарцуулдаг. Эмч, багш нарын цалинг хасахаас айгаад оруулж ирээгүй хэрнээ тусгай хүчнийхэн рүү халдаж болохгүй. Үүний оронд гадаадад амардаг хүмүүсийнхээ төсвийг хас” гэв.

УИХ-ын дарга З.Энхболд тус Батлан хамгаалах салбарын зардал 10 жилийн хугацаанд хэдэн хувиар өссөн талаар тодруулахад,  2008 онд батлан хамгаалах салбарын төсөв 89.9 тэрбум байсан бол 2015 онд 202.5 тэрбум төгрөг болж өссөн байна" гэсэн тайлбарыг ажлын хэсгээс өглөө.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Тагнуулын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаах санал гаргасан нь олонхийн дэмжлэг хүлээлээ.

Мөн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Засгийн газар 2016 оны төсвийн хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ батлан хамгаалах салбарын хувцас, сургалтын 5.3 тэрбум төгрөгийн зардлыг Зэвсэгт хүчний хөгжлийн сангаас гаргахаар тусгажээ. Хуульд зааснаар зэвсэгт хүчний хувцас, хоолны зардлыг Улсын төсвөөс гаргах ёстой. Тийм учраас 5.3 тэрбум төгрөгийг батлан хамгаалахын төсөвт суулгах ёстоa гэсэн санал гаргасныг мөн олонх дэмжив.

Ийнхүү байнгын хороо санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ