“Эрдэнэс Тавантолгой” компанийн уурхайчид маргааш жагсана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ“Эрдэнэс Тавантолгой” компанийн үйлдвэрчний эвлэл, ажилчдын төлөөлөл өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж маргааш бүх нийтийг хамарсан жагсаал хийхээ мэдэгдлээ.
Тус компанийн Цанхийн зүүн уурхайд ажилладаг 203 хүнийг “TT JV KO” компани рүү шилжүүлэхээр болсон билээ. Гэвч эдгээр ажилтнуудын зүгээс “TT JV KO” компани руу шилжих асуудлыг эсэргүүцэн, суулт зарласан юм. Харин “Эрдэнэс Тавантолгой” компаниас шийдвэрээ буцаахгүй, ажилтнуудтай хэлэлцээрт хүрсэн гэж өнгөрөгч пүрэв гаригт мэдээлсэн ч худлаа аж. “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагууд, ажилчдын дунд маргасан хэвээр ямар нэг шийдвэрт хүрээгүй байна.
Тиймээс маргаантай байгаа ажилтнууд компанитайгаа тохиролцоонд хүрээгүй тул тэмцлийн дараагийн арга хэмжээнд шилжихээ хэллээ. Тэд маргааш 12.30 цагт жагсаал цуглаан хийнэ гэж мэдэгдлээ.
Ж.Батсайхан