Хонконгт ардчиллын төлөөх жагсаал явуулах хүсэлтийг хүлээж авсангүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-05-11 11:36:02
ХОНКОНГ./BBC/. Жил бүрийн 7 дугаар сарын 1-нд болдог Хонконгийн хамгийн том ардчиллын төлөөх жагсаалыг зохион байгуулагчдын хүсэлтийг энэ жил хүлээж аваагүй байна.

"Хүний эрхийн төлөөх иргэний фронт" гэдэг байгууллагын мэдэгдсэнээр, уг шийдвэрийг жагсаал болдог газар болох Викториа Паркийн удирдлага гаргасан байна. Харин Хонконгийн эрх баригчид энэ талаар ямар нэгэн мэдэгдэл хийсэнгүй.

Хонконгийг Хятадад шилжүүлэн өгсний 20 жилийн ойг тэмдэглэхээр Хятадын удирдагч Си Зиньпин ирэх гэж байгаатай холбоотойгоор ийм татгалзсан хариу өгсөн бололтой.

1997 оны 7 дугаар сарын 1-ний өдөр болсон шилжүүлэн өгөх үйл явдлыг тэмдэглэх гэж буй Хонконгийн Баяр наадмын холбоо Викториа Паркийг ашиглах зөвшөөрлийг авсан байна.

Ардчиллын төлөөх жагсаал нь жил бүр Хонконгт болдог бөгөөд ардчилсан шинэчлэл хийхийг уриалагчдын гол арга хэмжээ болдог юм.

Хонконгийн сонгуульд Бээжин нөлөөлж байгаад эгдүүцсэн идэвхтнүүдийн жагсаалын хариуд засгийн газрын талыг баримтлагчид 2014 онд томоохон жагсаал хийж байв. 
Х.Сарнай 

 

 


 

Холбоотой мэдээ