Б.Асадын цэргүүд давшилтаа эрчимжүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-05-11 10:05:02
ДАМАСК. /Reuters/. Сирийн засгийн газрын цэргүүд өнгөрсөн дөрөвдүгээр сар гарснаас хойш наад зах нь 450 энгийн номхон иргэний аминд хүрээд байна гэж хүний эрхийг хамгаалагч ТББ мэдэгдлээ.

Сирийн Ерөнхийлөгч Башар Аль Асадын цэргүүд химийн зэвсэг ашиглан дайралт хийсний улмаас олон иргэн амь үрэгдсэний дараа дөрөвдүгээр сарын 7-нд Сирийн агаарын цэргийн хүчний баазад Ерөнхийлөгч Дональд Трампын тушаалаар АНУ-ын арми пуужингаар цохилт өгсөн юм.

“Сири дэх хүний эрхийн байдлыг ажиглагч” ТББ-ын мэдэгдсэнээр, АНУ пуужингаар цохилт өгсөнтэй холбоотойгоор Сирийн засгийн газрын цэргүүд сөрөг хүчний хяналтад байдаг бүсүүд рүү хийж буй давшилтаа эрчимжүүлжээ.

"Сирийн армид Америкийн пуужингийн цохилт  нөлөөлсөнгүй. Харин ч эсрэгээрээ сөрөг хүчнийхнийг дэмждэг энгийн иргэд рүү Асадын цэргүүд довтолж байна” гэж тус байгууллага мэдэгдлээ.

Сирид зэвсэг хэрэглэхийг хориглосон “аюулгүйн бүсүүд”-ийг өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт Орос, Иран болон Турк хамтран байгуулсан юм.

Гэсэн хэдий ч ширүүн тулаан өрнөж байгаа үзэхэд 2011 онд эхэлсэн Сирийн иргэний дайн зогсох төлөв харагдахгүй байна гэж ажиглагчид хэллээ.

Г.Доржханд



Холбоотой мэдээ