Йеменд булчин задрах тахал дахин дэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dorjkhand@montsame.mn
2017-05-10 14:29:37
САНАА. /Reuters/. Дайн байлдааны хөлд нэрвэгдсэн Йемен улсад холер өвчин буюу булчин задрах тахал дахин дэгдсэний улмаас өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд 34 хүн амиа алджээ.

Дэлхийн Эрүүл  мэндийн байгууллагын мэдэгдсэнээр, тус улсад өнгөрсөн сарын 27-ноос энэ сарын 7-ны хооронд холер өвчний сэжигтэй 2022 тохиолдол бүртгэгдсэн байна.

Өнгөрсөн оны 10 дугаар сард анх дэгдсэнээс хойш энэ тахалд 26 мянга гаруй хүн өртжээ. Эхний дэгдэлт өнгөрсөн өвөл намжсан юм.

Хоёр жилийн өмнө эхэлсэн байлдааны улмаас тус улсын эрүүл мэндийн тогтолцоо болон дэд бүтэц сүйрээд байна.

ДЭМБ-ын мэдэгдсэнээр, тус улсын Ерөнхийлөгч Абд Рабу Мансур Хадигийн засгийн газрын хүчнийхэн болон лалын босогчдын “Хусит” бүлэглэлийн хооронд болсон байлдааны ажиллагааны явцад бараг 300 эмнэлэг сүйдсэн байна. Одоо тус улсын эмнэлгүүдийн 45 хүрэхгүй хувь нь л ажиллаж байна.


Мөн ДЭМБ-ын хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр, саяхан тус улсад ширүүн бороо орсноорэрэг орчмын хог гол нуурууд руу урсан орсны улмаас найман сая гаруй хүн ундны усны хомсдолд ороод байгаа аж. 

Холер буюу булчин задрах тахал бол бохир ус, хоол хүнсээр дамждаг, цаг агаар дулаарах үед тархалт нь идэвхждэг өвчин юм. Энэ өвчнөөр өвдсөн тохиолдолд суулгах, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрнэ. Булчин задрах тахал туссан тохиолдолд яаралтай эмчлэх арга хэмжээ авахгүй бол хэдхэн цагийн дотор үхэлд хүргэх аюултай.

НҮБ-ын мэдэгдсэнээр, 2015 оны гуравдугаар сард Йеменд зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш энгийн номхон иргэд голдуу 8010 хүн амь үрэгдэж, 44500 орчим хүн шархаджээ.

Тус улсын 18.8 сая хүнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хэрэгтэй байна.
 
Г.Доржханд



Холбоотой мэдээ