“Эко баг” шалгаруулах болзолт уралдаан эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-05-10 13:01:34
Дундговь/МОНЦАМЭ/ Зориулалтын саванд ундны усаа хадгалдаг  хэвшлийг айл өрхүүдэд төлөвшүүлэхээр Сайнцагаан сумын багууд энэ талаархи мэдээллийг иргэддээ хүргэж  эхэлжээ. Зориулалтын усны савыг орон нутагт худалдан борлуулах саналыг ч аж ахуйн нэгжүүдэд тавьсан гэдгийг  сумын Засаг даргын орлогч Ч. Ганбаатар хэллээ. Айл өрхүүд ундны усныхаа эрүүл ахуйд анхаарч, зориулалтын саванд усаа хадгалдаг хэвшилтэй болохоос эхлээд эко орчин бүрдүүлэхэд иргэдийн өөрсдийн идэвхи санаачлага чухал. Энэ үүднээс Сайнцагаан сумын ЗДТГ “Эко баг” хэмээх болзолт уралдааныг өчигдрөөс эхлэн зарлажээ.  
Ундны усныхаа савыг солихоос эхлээд айл өрхүүд хашаагаа тэгшилж, хаягжуулах, шороон будгаар будаж өнгө засах, ариун цэврийн байгууламжаа сайжруулж хашаандаа мод тарих зэргээр орчныхоо тохижилтыг урин дулааны сард амжиж хийнэ. Мөн өөрийн багийн нутаг дэвсгэр дэхь нийтийн эзэмшлийн гудамж талбай, цэцэрлэгийн өнгө үзэмжийг  сайжруулж, хог хаягдлыг цэвэрлэх нийтийн их ажилд гар бие оролцох юм байна.
Энэ оныг Сайнцагаан сум хамтын ажиллагаа, түншлэлийг дэмжих жил болгосон. Тиймээс “Эко баг” болзолт уралдаан багийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулж, хотын эко орчинг нэмэгдүүлэх  гол зорилго агуулсан байна. ­­­­­
Сайнцагаан сум 9 багтай үүний 5 нь аймгийн төвийн бөгөөд “Эко баг” уралдаанд төвийн багууд оролцох ажээ.
 
 
Т. Отгонтуяа 
 
Холбоотой мэдээ