Хуулийнхны цалинг бууруулах шаардлагагүй гэж үзлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-10-27 14:44:00

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2016 оны төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, “Сүүлийн үед шүүгчдийн цалинтай хамаатуулж хууль хяналтын байгууллагынхны цалин өндөр гэсэн ойлголт нийгэмд үүсээд байх шиг байна. Өнөөдөр яам, тамгын газар ажиллаж байгаа хүмүүсийн цалин 500-600 мянган төгрөг л биз дээ. Цалин бууруулах асуудлыг зөв өнцгөөс авч үзэх ёстой. Тухайлбал, насаараа хянагч хийж байгаа хүний цалин бодит амьдрал дээр хэд байна вэ” гэсэн асуудлыг тодруулсан. Уг асуултад Сангийн сайд Б.Болор, “Хянагч нарын цалин дунджаар 554 мянган төгрөг байдаг юм байна. Ирэх жил хянагч нарын цалин буурахгүй. Энэ жилийн түвшинд нь барина. Төрийн дээд албан тушаалтан болон улстөрийн өндөр албан тушаалтны цалинг бууруулах асуудал орж ирсэн. Төрийн захиргааныхны цалинг оруулж ирсэн нь цомхотгол явуулж байснаас тодорхой тооны албан хаагчдын цалинг бууруулах байдлаар хүндрэлийг давах зөв гэж үзсэн” гэв.

Энэ үеэр АТГ, ШШГЕГ, ХХЕГ зэрэг хууль хяналтын байгууллагуудын удирдлагууд одоогийн байдлаар хэдэн төгрөгийн цалин авдаг, уг цалин нь ирэх оны төсөвт тусгасан шиг бууруулах болвол хэдэн хувиар буурах тухайд тайлбар хийсэн. Хууль шүүхийн байгууллагуудын удирдлагуудын хийж буй тайлбараар бол ихэнх байгууллагын төсөв 10 хувиар буурах гэнэ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт цалин хасах шийдвэрийг дэмжихгүй байгаагаа илэрхийлээд “Атар” талхны үнэ 2012 онд 630 төгрөг байсан бол одоо 1150 төгрөг болж өссөн. Иймээс үнийн өсөлттэй уялдуулж харин ч хоёр дахин нэмэгдүүлэх ёстой” гэсэн юм. Сангийн сайд Б.Болор хэлэхдээ, “Эдийн засаг хүнд байгаа үед цалин бууруулах нь авдаг л арга хэмжээ. Мөнгө санхүү сайжирсан үед өсгөж болно. Одоогийн байдлаар бид урсгал зардлыг 2012 оны түвшинд авчирсан” хэмээн тайлбарлаж байв.

Түүнчлэн УИХ-ын дарга З.Энхболд дээрх байгууллагуудын удирдлагад хандаж, сүүлийн 10 жилийн хугацаанд төсөв нь хэрхэн нэмэгдэж ирснийг тодруулсан. Ингэхэд хууль хяналтын байгууллагуудын төсөв жил ирэх бүр өссөн дүнтэй байсан ба иймд УИХ-ын дарга З.Энхболд, “Өнгөрсөн 10 жилд хууль шүүхийнхний гэлтгүй нийт төсөвт байгууллагуудын төсөв 5-10 дахин нэмэгдсэн. Тухайлбал, Улсын бүртгэлийн ерөнхий газар ТҮЦ машин суурилуулсан. Ийм байтал орон тоогоо танаагүй байдаг. Одоо орлоготой байх үеийн тэлсэн зардлаа хумья гэж байна. Одоо цалинг 10 хувиар бууруулахад болохгүй гэх зүйлгүй” гэсэн саналтай байгаагаа хэллээ. Ингээд цалинг хасахгүй байх тухай гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахад олонх цалин хасах шаардлагагүй гэж үзлээ. Үүний зэрэгцээ хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын хохирлыг барагдуулах 16,5 тэрбум төгрөгийг төсөвт суулгах шаардлагагүй гэж гишүүд саналаа өгөв.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ