Ажил олгогчийн зөвлөлгөөн зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс “Ажил олгогчийн зөвлөлгөөн” -ийг зохион байгууллаа. Зөвлөлгөөнд 75 ажил олгогчийн 125 удирдлага, нягтлан бодогч нар оролцсон байна.
Зөвлөлгөөнөөр нийгмийн даатгалын тогтолцоо, нийгмийн даатгалд даатгуулахын ач холбогдол, Нийгмийн даатгалын хууль тогтоомжид орсон нэмэлт өөрчлөлтүүд, нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, эрүүл мэнд, нийгмийн даатгалын тухай хууль түүнд орсон нэмэлт өөрчлөлт, ҮОМШӨ-өөс урьдчилан сэргийлэх талаар, ҮОМШӨ-ний даатгалын шимтгэлийн хөнгөлөлт эдлэх ажил олгогчдыг сурталчлах талаар мэдээлэл өглөө. Ингэснээр нийгмийн даатгалын хамрагдалт нэмэгдэнэ гэж үзжээ.
2016 онд шимтгэл төлж 2018 онд ҮОМШӨ-ний даатгалын шимтгэлийн хөнгөлөлт эдлэх 420 ажил олгогчийн 39,9 сая төгрөг, ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт эдлэх 191 ажил олгогчийн 6,0 сая төгрөгийн хөнгөлөлт эдлэх болсныг энэ үеэр ажил олгогч нарт хэллээ.
Мөн аймгийн шилдэг шимтгэл төлөгч байгууллагаар “Гурвантамир” ХХК, “Эх голомтын илч” ХХК, “Ундарга” ХХК-иудыг, Хаан банкны нягтлан бодогч О.Сувдмаа, Мэдээлэл холбоо сүлжээний нягтлан бодогч Б.Анхтуяа, Ус, цаг уур орчны шинжилгээний төвийн нягтлан бодогч Г.Гэрэлмаа нарыг шилдэг нягтлан бодогчоор шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.
Энэхүү зөвлөлгөөнөөс нийт ажил олгогчдод зориулсан нийгмийн даатгалын хуулийг хэрэгжүүлэх, цаашид хамтран ажиллах зөвлөмжийг гаргасан байна.
Б.Гэрэлт-Од