Умард Солонгос АНУ-ын дахин нэг иргэнийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-05-08 12:42:30
ПХЕНЬЯН. /NHK/. "Төрийн эсрэг дайсагнасан үйлдэл хийсэн" гэх үндэслэлээр АНУ-ын дахин нэг иргэнийг Умард Солонгос баривчиллаа.

Өнгөрсөн амралтын өдөр эх сурвалжийн мэдээлснээр, Пхеньяны шинжлэх ухаан, технологийн сургуульд ажиллаж байсан Ким Хак Сун гэдэг Америкийн иргэнийг Умард Солонгосын холбогдох албаны хүмүүс бямба гарагт баривчилсан байна.

Хэрвээ энэ мэдээлэл баттай бол Ким Хак Сун нь Умард Солонгост баривчлагдсан АНУ-ын дөрөв дэх иргэн болж байна. Цөмийн болон пуужингийн хөтөлбөртэй нь холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Пхеньянд шахалт үзүүлсээр байгаа билээ. АНУ болон Умард Солонгос нь хоорондоо дипломат харилцаа тогтоогоогүй улсууд юм.

Үүнээс өмнө өнгөрсөн сарын 22-нд солонгос гаралтай Америкийн нэгэн иргэнийг Пхеньяны олон улсын нисэх онгоцны буудлаас баривчилсан билээ. Энэ хүн нь дээрх их сургуульд багшилж байсан юм.

Удирдагч Ким Жөн Уныг хөнөөлгөхөөр АНУ болон Өмнөд Солонгосын тагнуулын агентлагуудын илгээсэн террорист бүлэглэлийг илрүүлсэн гэж Умард Солонгос өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт мэдэгдээд, “хуйвалдаан зохион байгуулагч байгууллагуудыг устгах ажиллагаа явуулж эхлэх гэж байна” гэж анхааруулсан билээ.
Г.Доржханд
 
Холбоотой мэдээ