Энэтхэгт хоёр “Боинг-737” нисэх онгоц шүргэлцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-05-08 11:33:04
ШИНЭ ДЕЛИ. /BBC/. Энэтхэгийн Шинэ Дели хотын И.Гандийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудлын талбайд хөөрөх зурвас руу явж байсан хоёр Boeing 737 онгоц шүргэлцсэн тохиолдол гарлаа. Хоёр онгоцонд нийт 300 орчим хүн сууж явсан байна.

Энэтхэгийн Иргэний агаарын тээврийн Ерөнхий газрын мэдээлснээр, хоёр онгоц хоёулаа Jet Airways компанийнх аж. Тус хоёр онгоц Патна болон Сринагар хотуудын чиглэлд нисэх хуваарьтай байсан бөгөөд хөөрөх цаг нь давхацсан байна. Хоёр онгоцны багийнхан нисэх буудлын агаарын хөдөлгөөнийг удирдах төвөөс нэгэн зэрэг зөвшөөрөл аваад хөөрөх зурвас руу нэгэн зэрэг хөдөлсөн байна. Үүний улмаас нэг Боинг-ийн сүүл нь нөгөөгийнхөө далавчийг шүргэжээ.

Үүний дараа хоёр онгоцыг маршрутаас хассан байна. Цагдаагийн газрын төлөөлөгч Санжай Бхатия-гийн мэдэгдсэнээр, зорчигчдын ихэнх нь энэтхэгчүүд байсан бөгөөд тэд гэмтэж бэртээгүй аж. Зорчигчдыг 3 цагийн дараа тухайн зорчих чиглэлүүдэд нь нисгэжээ.

Алдаа гаргасан нисгэгчдийг нислэг үйлдэхээс түр түдгэлзүүлж, албаны шалгалт явуулж байна.
Х.Сарнай 
Холбоотой мэдээ