Математикийн улсын 53 дугаар олимпиад боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-05-06 13:59:38
Булган /МОНЦАМЭ/ Монгол Улсын гавьяат багш, математикийн ухааны доктор профессор Булган аймгийн Бугат сумын уугуул Д.Шагдарын нэрэмжит математикийн улсын 53 дугаар олимпиад Булган аймагт боллоо.
Олимпиадад 21 аймаг, 9 дүүргийн 42 багийн 162 сурагч, 66 багш оролцлоо.
Зургаан төрлөөр зохиогдсон олимпиадын 9-р ангийн сурагчдаас Улаанбаатар хотын “Шинэ монгол” сургуулийн О.Мишээл алт, нийслэлийн 1-р сургуулийн Д.Чингүүн, 11-р сургуулийн Ш.Билэгжаргал, А.Алтансүх нар мөнгө, Улаанбаатар хотын “Сант” сургуулийн А.Нямдаваа, А.Пүрэвзаяа нар хүрэл, 10-р ангийн сурагчдаас нийслэлийн 1-р сургуулийн Б.Батмэнд алт, Улаанбаатар хотын “Сант” сургуулийн Ц.Ганхөлөг, “Эмпати” сургуулийн С.Арманбек нар мөнгө, нийслэлийн 1-р сургуулийн Н.Бямбасүрэн, Улаанбаатар хотын “Олонлог” сургуулийн Г.Батбуян, “Сант” сургуулийн Б.Цог нар хүрэл, 11-р ангийн сурагчдаас Улаанбаатар хотын “Эмпати” сургуулийн Х.Санжаахүү алт, “Олонлог” сургуулийн М.Лханаажав мөнгө, нийслэлийн 11-р сургуулийн Б.Нарсауле, “Олонлог” сургуулийн Р.Ануударь, Б.Долгормаа, 11-р сургуулийн А.Билэгжаргал нар хүрэл, 12-р ангийн сурагчдаас нийслэлийн 11-р сургуулийн Г.Өнөржаргал алт, Улаанбаатар хотын “Эмпати” сургуулийн Б.Алтангэрэл, С.Цэнд-Аюуш нар мөнгө, 11-р сургуулийн Г.Амарсанаа, Б.Ганхуяг, Улаанбаатар хотын “Оюунлаг” сургуулийн Н.Эрхэс нар хүрэл медаль хүртлээ.
Бага ангийн багш нараас нийслэлийн 1-р сургуулийн М.Отгонжаргал алт, “Олонлог” сургуулийн П.Чимэг мөнгө, “Орчлон” сургуулийн Б.Жаргалсүрэн, “Олонлог” сургуулийн М.Чинчимэг нар хүрэл, дунд ангийн багш нараас “Орчлон” сургуулийн М.Батбилэг алт, “Эмпати” сургуулийн Б.Ганбат мөнгө, Хөвсгөл аймгийн Б.Зоригтбаатар хүрэл медаль хүртсэн байна.
Монголын математикийн олимпиадын хорооны дарга, МУИС-ийн математикийн тэнхимийн профессор, доктор Гомбодоржийн Баярмагнай:
-Бүх аймаг, дүүргээс 220 гаруй багш сурагчид өмнөх шатныхаа даваанаас шалгарч оролцлоо. Нийт 6 ангиллаар бодолт гүйцэтгэж дүнг гаргалаа. Хүүхдүүдийн түвшинг харахад улам өсч байгаа нь харагдаж байна.
Булган аймгийн хувьд математикийн чиглэлээр гаргаж байгаа амжилт доогуур байгаа. Энэ чиглэлээр бодлого гаргаж ажиллая гэж шийдсэн болов уу гэж бодож байна. Тус аймгийн хувьд бүтэн жилийн турш бэлтгэж оролцсон багш, сурагчдын амжилт ахисан байна гэж ярьлаа.
М.Батжаргал
Холбоотой мэдээ