Улсын болон орон нутгийн харьяалалтай хотуудыг бий болгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зохион байгуулж буй анхдугаар Зөвлөлдөх санал асуулгын уулзалт “Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх нь” сэдвээр үргэлжлэв.
ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат дээрх сэдвийн танилцуулгыг хийсэн.
Тэрбээр танилцуулгадаа, “Өнөөдөр та бидний хэлэлцэх чухал сэдвийн нэг нь “Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх” асуудал юм. Энэ сэдвийн хүрээнд нэгдүгээрт, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг шинэчлэх, хоёрдугаарт баг, хороо тосгоны Засаг даргыг томилох асуудлыг хөндөн ярилцана.
ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат дээрх сэдвийн танилцуулгыг хийсэн.
Тэрбээр танилцуулгадаа, “Өнөөдөр та бидний хэлэлцэх чухал сэдвийн нэг нь “Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх” асуудал юм. Энэ сэдвийн хүрээнд нэгдүгээрт, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг шинэчлэх, хоёрдугаарт баг, хороо тосгоны Засаг даргыг томилох асуудлыг хөндөн ярилцана.
Монгол Улсын Үндсэн хуулиар захиргаа, аж ахуйн харилцаа зонхилдог хотыг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээс заагласан хэдий ч хууль тогтоомжийн дагуу нэг нутаг дэвсгэрт хэд хэдэн хот, тосгон байж болохоор байгаа нь захиргааны нэгж давхцах үр дагаврыг үүсгэж байна. Улсын чанартай хотуудыг аймаг болгож, цөөн сумтайгаар байгуулсан нь засаг захиргааны нэгжүүдийг нутаг дэвсгэрийн зарчмаар зохион байгуулах Үндсэн хуулийн зарчимтай харшилсан гэж судлаачид үздэг. Одоогийн тогтолцоо нь нутгийн удирдлагын субьекттэй төр засгийн болон иргэдийн зүгээс хариуцлага тооцоход оновчтой бус, орон нутагт улстөрждөг асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаа, иргэд нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх замаар сумдыг нэгтгэх тохиолдолд сумдын аль нь төв болохыг шийдэх асуудал дээр тохиролцоонд хүрч чаддаггүй.
Олон улсын жишгийн дагуу хот төлөвлөлт, хотын дэд бүтэц, хотын үйлчилгээний асуудлыг зохицуулахад засаг захиргааны ялгаатай зохион байгуулалт, удирдлагын бүтэц бий болгох шаардлагатай байгаа. Энэ бүхэн нь засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог шинэчлэх үндэслэл болсон юм. Та бидний хэлэлцэж байгаа нэгдүгээр асуудлын хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэл, хотод, аймаг нь сум, хотод /орон нутгийн харьяалалтай/, сум нь баг болон тосгонд, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд, хот нь хороонд хуваагдахаар Үндсэн хуульд бэхжүүлэх асуудлыг ярилцаж байна.
Дээрх өөрчлөлтийг Үндсэн хуульд тусгаснаар улсын болон орон нутгийн харьяалалтай хот бий болж, Засаг дарга ба хотын захирагчийн чиг үүрэг, бүрэн эрх зааглагдах, хотын менежмент, хотын үйлчилгээг хариуцсан эзэн тодорхой болж, хот орчин үеийн утгаар хөгжих сайн талтай. Гэхдээ дээрх өөрчлөлтөд үндэслэн холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулахгүй бол давхардсан бүтэц бий болж, хариуцлага хүлээх этгээд тодорхойгүй болж, газар нутгийн болон бэлчээрийн маргаан, хот, хөдөөгийн гэсэн ялгарал бий болж болзошгүй сөрөг талтай.
Улсын чанартай хотуудыг Үндсэн хуульд нэрлэн заасан тохиолдолд шинээр улсын чанартай, томоохон хотууд бий болох бүрд Үндсэн хуульд нэмэлт хийх сөрөг үр дагаварт хүргэнэ гэж зарим судлаачид няцаадаг.
Хоёрдугаар асуудлын хүрээнд бид баг, хороо тосгоны Засаг даргын сум, дүүргийн Засаг дарга шууд томилж болох тухай асуудлыг хөндөн ярилцана. Үндсэн хуульд зааснаар баг, хороо, тосгоны Засаг даргыг тухайн баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, харьяалах сум, дүүргийн Засаг дарга 4 жилийн хугацаагаар томилж байгаа. Гэвч бодит байдал дээр баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлаас Засаг даргад нэр дэвшүүлэх үйл явц хамгийн их улс төржсөн байдлаар явагддаг, ажлын хэсгээс явуулсан санал асуулгын дүн, фокус бүлгийн ярилцлагаас эл байдлыг залруулахыг иргэдийн дийлэнх хүсч байгаа нь харагддаг.
2008 онд Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, баг, хорооны Засаг даргыг улс төрийн бүтцээс ангид байлгах зорилгоор “захиргааны албан хаагч”-ийн ангилалд оруулсан боловч Үндсэн хуулийн цэцээс ”улс төрийн албан тушаалтан” хэмээн тайлбар хийжээ. Засаг, захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэн, төрийн тогтвортой алба болгон төлөвшүүлэхэд Үндсэн хуульд баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга дөрвөн жилийн хугацаагаар томилох асуудал яригдаж, энэ сэдвийг та бүхнээр хэлэлцүүлэхээр оруулж байна. Судлаачид уг асуудалд олон талаас ханддаг.
Дээрх асуудлыг Үндсэн хуульд тусган баталгаажуулснаар анхан шатны нэгжид төрийн удирдлага бэхжин, улс төрийн намын тогтолцоо баг, хорооны түвшинд нэвтэрсэн, улс төржилтийг хязгаарлах, баг, хорооны Засаг даргыг төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтаар томилох, мэдлэг боловсролтой, хүн томилох боломж бий болно гэж үздэг. Гэвч зарим судлаачид энэ нь баг хорооны иргэд нийтийн хурлаас хамаарах хамаарал суларна, иргэдийн өөрөө удирдах эрхийг хязгаарлана, Засаг даргын иргэдийн өмнөх хариуцлага суларна, сум дүүргийн Засаг дарга өөрийн талын хүнийг томилох эрсдэл бий гэсэн үндэслүүдийг гаргаж, няцаадаг байна. Та бүхэн энэ асуудал дээр мэргэн ухаанаа уралдуулан, өөрсдийн санал бодлоо идэвхтэй гаргана гэдэгт бүрнээ итгэлтэй байна” хэмээв.
Танилцуулгатай холбогдуулж оролцогчид асуулт асууж, судлаачдаас тайлбар авсан. Тухайлбал, "Аймаг сум хотыг нэгтгэх гээд байгаа шалтгаан юу вэ. Сайн муу талыг судалж үзсэн үү" гэсэн асуултад судлаачид "Аймаг сумдыг нэгтгэх тухай асуудлын тухай яриа байхгүй. Үүнээс гарах үр дагаврын тухай асуудал өөрчлөлтийн хүрээнд яригдахгүй. Харин хороодын тоог нэмэх асуудал байж болох юм" гэсэн тайлбарыг өгч байв.
Үүгээр өнөөдрийн уулзалт хэлэлцүүлэг өндөрлөв. Дээрх хэлэлцүүлгүүдээс ямар нэг дүгнэлт шийдвэр гарахгүй. Өөрөөр хэлбэл, оролцогчид тогтоосон 6 сэдвийн хүрээнд тодорхой ойлголт авч байгаа хэрэг юм.
Маргааш мөн үлдсэн гурван сэдвээр санал асуулгын хэлэлцүүлэг үргэлжилнэ.
Б.Туул