Умард Солонгос баллистик пуужин харвалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-04-29 08:50:30
СӨҮЛ. /Yonhap/. Умард Солонгос орон нутгийн цагаар өнөөдөр үүрийн 5:30 цагийн үед баллистик пуужин харвалаа гэж АНУ болон Өмнөд Солонгосын албаны хүмүүс мэдэгдлээ.

Пхеньянаас хойд зүгт орших Өмнөд Пёнган аймаг дахь пуужин хөөргөх талбайгаас нэг баллистик пуужин харвасан байна. Харвасан пуужин Умард Солонгосын нутаг дэвсгэрээс гарч чадалгүй дэлбэрсэн гэж АНУ-ын Номхон далайн командлал мэдэгдэв.

Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хороо мэдэгдэхдээ “пуужин харваснаас хэдхэн секундийн дараа дэлбэрсэн” гэлээ.

Чухам ямар төрлийн пуужин харвасныг нь олж тогтоохоор АНУ болон Өмнөд Солонгосын холбогдох албаны хүмүүс ажиллаж байна.
map of South Korea and North Korea
Умард Солонгос үүнээс өмнө энэ сарын 5-нд болон 16-нд зүүн нутгийн Өмнөд Хамгён аймгийн Синпо хотоос холгүй орших газраас баллистик пуужин харвасан боловч пуужингууд дэлбэрэн туршилт амжилтгүй болсон юм.

АНУ болон Өмнөд Солонгос хамтарсан цэргийн сургуулилт хийж байгааг Пхеньян эрс эсэргүүцэж байна.

Умард Солонгосын ГХЯ энэ долоо хоногийн мягмар гарагт мэдэгдэл хийхдээ “АНУ түрэмгий үйлдэл хийвэл манай улс цөмийн зэвсгээр цохилт өгөх болно” гэж анхааруулсан билээ.

Умард Солонгос хэзээ ч өдөөн хатгасан үйлдэл хийж болзошгүй гэж үзэн АНУ болон Өмнөд Солонгосын армийнхан өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ