Зөрчлийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-04-28 17:51:37
Улаанбаатар /МОНЦАМЭ/.УИХ-ын чуулганы хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Уг хуулийн төслийг өчигдөр буюу энэ сарын 27-нд хэлэлцсэн. Гишүүд асуулт асууж санал хэлсний дараа ажлын цаг дууссан тул түр хойшлуулсан юм. Өнөөдрийн чуулганаар хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг болон Хууль зүйн байнгын хорооноос ирүүлсэн 85 орчим зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явууллаа. Зарчмын зөрүүтэй саналын дийлэнхийг гишүүдийн олонх дэмжлээ. Тухайлбал, Зөвшөөрөлгүйгээр орон байранд, эсхүл гадна талаас гэрэл зураг авсан, дууны болон дүрсний, бичлэг хийсэн бол хүнийг 200 нэгж, хуулийн этгээдийг хоёр 2000 нэгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох заалт олонхийн дэмжлэг авлаа.

Түүнчлэн тээврийн хэрэгслээ даатгал болон татвараа төлөлгүйгээр  замын хөдөлгөөнд орсон хувь хүн, хуулийн этгээдээр даатгал, татварыг нөхөн төлүүлж, мөн даатгал, татварын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөөр торгох, Шүүхээр аливаа үйл ажиллагаа явуулах эрхээ хасуулсан, ял шийтгүүлсэн этгээд шүүхийн шийдвэр биелүүлээгүй хүнийг 100 нэгж, хуулийн этгээдийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох заалтыг дэмжлээ

Харин хэвлэл мэдээллийн байгууллагуудын эсэргүүцэлтэй тулаад байсан бусдыг гүтгэсэн тохиолдолд 10-100 сая төгрөгөөр торгох саналыг Ц.Гарамжав гишүүн өчигдөр эгүүлэн татсан юм.

Ийнхүү хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжлүүлснээр чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөв.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ