Хөдөө аж ахуйн маркетинг төслөөс мотоцикль хандивлав

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2017-04-25 17:18:08
Архангай /МОНЦАМЭ/. Дэлхийн банкнаас санхүүждэг хөдөө аж ахуйн маркетинг төсөл нь Архангай аймагт 2014 оноос эхлэн Чулуут, Цахир, Цэцэрлэг сумдад хэрэгжсэн. Төслийн шугамаар дээрх сумдын мал эмнэлэг үржлийн тасаг, малын эмч нарт нийт 12 мотоциклийг ажилд нь нэмэр болно хэмээн хүлээлгэж өглөө.

Хөдөө аж ахуйн маркетинг төсөл нь дээрх гурван суманд хэрэгжихдээ малын үржил, малын эрүүл мэндийг сайжруулах, тэжээлийн бааз суурийг нэмэгдүүлэх, мөн мал үржлийн тасгуудад компьютер, техник хэрэгсэл, шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх зэрэг чиглэлүүдээр хөрөнгө оруулалт хийжээ. Төсөл 2017 оноор дуусах ч малаас гарч байгаа бүтээгдэхүүн ноос, арьс, сүү, мах зэрэгт анхан шатны боловсруулалт хийх жижиг үйлдвэрийг эхлүүлэх юм байна.

Хамгийн гол нь төслөөс үлдсэн арга зүй, туршлага, техник төхөөрөмжийг нутгийн удирдлагууд үргэлжлүүлж, үр шимийг нь хүртэх малчдын тоог нэмэгдүүлэх чиглэлээр санаачлагатай ажиллах л үлдэж байгааг аймгийн Засаг дарга хэлж байв.

Б.Гэрэлт-Од 
Холбоотой мэдээ