Сенатын гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь Цагаан ордонд урьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-04-25 09:09:34
ВАШИНГТОН./VOA/.Маргааш Цагаан ордонд болох яаралтай зөвлөгөөнд Сенатын танхимын 100 гишүүнийг бүгдийг нь урьжээ. Энэ үеэр Умард Солонгостой холбоотой асуудлыг голлон авч хэлэлцэнэ гэж Цагаан ордон мэдэгдлээ.

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жим Мэттис, Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон, Үндэсний Тагнуулын газрын дарга Дэн Коутс болон Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны дарга, генерал Жо Данфорд нар зөвлөгөөнийг удирдан явуулна.

Хууль тогтоогчид яаралтай зөвлөгөөнийг ихэнх тохиолдолд Конгрессын ордонд хийдэг. Харин Сенатын танхимын гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь Цагаан ордонд урьж, зөвлөгөөн хийх гэж байгаа нь маш ховор тохиолдол юм.

“Умард Солонгосын статус кво”-г хүлээн зөвшөөрч болохгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн орнуудын төлөөлөгчидтэй даваа гарагт Цагаан ордонд үдийг зоог барих үеэрээ хэлжээ.

Тэрбээр хэлэхдээ “Аюулгүйн Зөвлөл Пхеньяны эсрэг авсан хориг арга хэмжээгээ чангатгахад бэлтгэх хэрэгтэй” гээд “Умард Солонгос бол дэлхий дахинд тулгамдсан асуудлуудын нэг болоод байна. Энэ бол бидний шийдвэрлэх ёстой асуудал. Асуудлыг шийдвэрлэх цаг болсон” гэсэн байна.
Г.Доржханд
 

 
Холбоотой мэдээ