Нийгмийн түншлэгч байгууллагуудын уулзалт болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
"Дархан-Уул /МОНЦАМЭ/ Дархан-Уул аймгийн нийгмийн түншлэгч байгууллагууд болох аймгийн ЗДТГ, Хөдөлмөр, Халамж үйлчилгээний газар, Үйлдвэрчний Эвлэлүүдийн холбоо, Ажил Олгогч эздийн холбооны төлөөлөл бүхий “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөл” хамтарч “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аян”-ыг энэ сарын тавнаас эхлүүлээд байна.
Уг аяны хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн удирдлагын тогтолцооны MNS ONSAS 18001:2012 стандартыг хэрэгжүүлэгч Дарханы Дулааны Цахилгаан Станцын туршлагад үндэслэсэн уулзалт ярилцлага тус станцад болов. Энэхүү уулзалтад тус аймгийн томоохон аж ахуй нэгж, үйлвэр байгууллагын удирдлагууд болон ХАБЭА-ыг хариуцсан инженер техникийн ажилтнууд хамрагдаж аюулгүй байдал, эрүүл ахуйг хэрхэн хангаж юуг анхаарч гарч болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх талаар бодит мэдээлэл авлаа. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн дүрэм журмыг шат шатандаа хэрэгжүүлж ажиллахаар болов.
Б.Норовсамбуу