Өлзийт сумын ЗДТГын байрны зарим өрөөнд ургамлын шавж тархжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-04-21 15:04:26
Архангай /МОНЦАМЭ/. Өлзийт сумын ЭМТ-өс сумын ЗДТГ-ын өрөөнүүдэд “Улаан шар жижиг хорхой тархсан байна” гэсэн дуудлагын дагуу 4-р сарын 18-ны өдөр аймгийн МХГ, ХХААГ, ЗӨСТ-ийн мэргэжилтнүүд Өлзийт суманд ажиллажээ. Уг шавж нь гэрэл чийгэнд мэдрэмтгий, шөний идэвхтэй амьдралтай, хуучин барилга, агуулах, тааз, шал, шалны хөндийд байрладаг бөгөөд тус сумын ЗДТГ-ын байрны зарим өрөөнүүдийн тааз, хана, шалаар тархсан байна. Энэ нь  хуурагч цох, гуулин цох, аалз цох гэх ба хүнд хоргүй шавж гэнэ. 
 
Уг шавж нь үр тариа, өвс сүрэл, гурил хивэг, арьс шир, органик үлдэгдэл, бохирын үлдэгдлээр хооллодог элдэв идэштэй ахуйн болон ХАА-н үр тарианы хортон бөгөөд ургамлын хорио цээртэй шавжанд хамаардаггүй байна. Шавж тархсан газарт устгалын хор хэрэглэн устгаж, ариутган халдваргүйтгэх арга хэмжээ авахыг мэргэжилтнүүд зөвлөөд иржээ. Бүрэн устаж арилтлаа удаан хугацаа шаардлагатай бөгөөд бусад байгууллагагуудыг ч ажлынхаа байранд үзлэг хийхийг сануулж байгаа юм.  
 
Бие гүйцсэн цохын гадаад төрх нь 4.7 мм урт, нягт шаргал гялалзсан, үсжилттэй, нисдэггүй, хөл, сахал урт, урт хөл нь аалз шиг харагддаг ба хэвлий чээж бөмбөгөр, алтлаг шаргал битүү үсээр бүрхэгдсэн байдаг ажээ. Нэг эмэгчин цохноос 100-150 ш өндөг гарч, 14 хоногийн дараа авгалдай болдог байна. Харин авгалдай нь 7.5 мм урт, цагаан, шар, бор зүстэй, чээжиндээ гурван хос хөлтэй аж. Хүүхэлдэй нь 21-28 өдөр хөгжиж бие гүйцсэн цох болдог байна.  

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ