Ус түгээлтийн алдагдлыг орон нутгийн төсвөөс нөхөж өгөхийг хүсэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-10-24 21:01:12

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав, ИТХ-ын тэргүүлэгч Б.Нарантуяа нар энэ  сарын 20-ны өдөр Сүхбаатар сумын “Урсгал-Ус” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцлаа. “Урсгал-Ус” ОНӨААТҮГ нь Сүхбаатар сумын нийт айл өрхийг цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах, ариутгах, цэвэршүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж юм.

100 гаруй ажилчинтай тус байгууллагад Сүхбаатар сумын гэр хорооллын айл өрхийг усаар хангах 33 худаг байдгаас одоогоор 30 худгаар ус түгээж байгаа аж. Тэдгээр худгийн 7 нь “Урсгал-Ус” ОНӨААТҮГ-ын үндсэн ажилчид, үлдсэн 23 худгийг гэрээт ажилтнууд ажиллуулдаг байна. Гэрээгээр худаг ажиллуулж байгаа иргэд, байгууллагын зүгээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд хамруулж өгөхийг хүсч буйгаа илэрхийллээ. Мөн Сүхбаатар сумын 1-р багт байрлах хуучирч муудсан худгийг шинэчлэн засах ажлыг хийх шаардлагатай байгаа гэдгийг ч хэллээ. “Урсгал-Ус” компани нь байгууллагынхаа дотоод нөөцийг ашиглан хоёр ч худгийг иж бүрэн засварлаж, сангийн шугам хоолойг шинэчлээд байгаа гэнэ.

Нэг худгийг шинээр барьж, сантехникийн ажлыг бүрэн шийдэхэд хамгийн багадаа 10 орчим сая төгрөгийн өртөгт багтдаг гэдгийг “Урсгал-ус” компанийн захирал Э.Эрдэнэбаатар танилцуулж байв. Мөн тус орон нутгийн өмчит компани нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 20 гаруй мянган иргэдийг хоногийн эргэлтэнд багтаан ундны цэвэр усаар хангадаг байна. Орхон голын хөвөөнд байрлах 5 худгаар дамжуулж гүний цэнгэг усыг татан авч 1400 метр куб усыг усан санд байрлуулан хоногтоо хэрэглэж дуусдаг байна. Өөрөөр хэлбэл Сүхбаатарчууд усан санд удаж муудаагүй өдөр бүр шинэчлэн татагддаг цэвэр усыг хэрэглэж байгаа аж.

Хэрэглээний ганц насостайгаар үйл ажиллагаа явуулж байгаа гэв

Тус байгууллага нь дээрх үйл ажиллагаануудаас гадна орон сууцнуудын бохирыг татан зайлуулж механик болон биологийн цэвэрлэгээ хийдэг байна. Түүнчлэн Сүхбаатар хотын 30 гаруй орон сууцаас хоногтоо 1600-1800 метр куб бохир ус татан зайлуулагдаж цэвэрлэх байгууламжид төвлөрдөг аж. Цэвэрлэх байгууламжийн хамгийн чухал объект болох ГНС буюу бохирыг татан төвлөрүүлж, төв цэвэрлэх байгууламж руу шахаж өгдөг толгой станцын насос нөөцөнд хоёр, хэрэглээнд нэг байх ёстой ч одоогоор хэрэглээний ганц насостайгаар үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг тус байгууллагын удирдлага онцгойлон хэлж байлаа. Хэрвээ хэрэглээний ганц насосанд гэмтэл гарвал төв цэвэрлэх байгууламж үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрч цэвэрлэгдээгүй бохирыг гол руу шууд цутгахаас өөр аргагүйд хүрнэ гэдгийг ч анхааруулан ярьсан юм. Мөн ус түгээх 30 цэгийн ус хүргэлт, жолоочийн цалин, шатахуун зэрэг нь усны борлуулалтаас давсан зардалтай явсаар иржээ. Тиймээс ус түгээлтийн алдагдлыг орон нутгийн төсвөөс нөхөж өгөх талаар анхааралдаа авахыг мөн хүссэн юм.

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав, Тэргүүлэгч Б.Нарантуяа нар энэ асуудлыг анхааралдаа авч ажиллах шаардлагатай учраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргад албан ёсоор санал танилцуулаарай гэдгийг онцлон санууллаа. Үүнээс гадна “Урсгал-Ус” орон нутгийн өмчит компанийн инженер, ажилчидтай уулзалт хийж аймаг орон нутгийн ажил амьдралын талаарх мэдээллийг дуулган орон нутаг, цаг үеийн байдал, ажил албаны гээд олон талт чөлөөт асуултанд хариулт өгч санал хүсэлтийг нь сонсон ажиллалаа.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ