“Эко сургууль” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-04-20 19:14:43
Булган /МОНЦАМЭ/ БОАЖЯ, БСШУСЯ, Швейцарын Хөгжлийн агентлагын хамтран хэрэгжүүлж байгаа “Тогтвортой хөгжлийн боловсрол төсөл”-ийг Булган аймгийн 4 сургуульд хэрэгжүүлэхээр боллоо. Тус аймгийн Булган сумын “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль , 1-р сургууль, Хишиг-Өндөр, Могод сумдын ерөнхий боловсролын сургуулийг сонгон “Эко сургууль хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж тус сургуулийн багш, сурагчдыг сургалтад хамруулж байна.
-Төсөлд хамрагдсан сургуулиас 5 багш, 5 сурагчийг сургагч багшаар бэлтгэхээр сургалтад оролцуулж байна. Сургалтыг орчинд нь буюу Булган сумын 1-р сургуульд зохион байгууллаа. Эко сургуулийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр “Ногоон тугтай сургууль” болох юм. Ийм сургууль манай улсад одоохондоо байхгүй байгаа гэж аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтэн М.Угтахбаяр ярьлаа.
Экологийн боловсрол олгох сургалт, сурталчилгаа зохион байгуулах, сургуулийн орчинд ногоон байгууламж байгуулах, гэрэл, дулааны эрчим хүчийг байгальд ээлтэй байдлаар шийдэх, сурагчдад байгаль орчныг хамгаалах зөв дадал зуршил олгох, хог хаягдлыг дахин ашиглах, орчны бохирдол, доройтлыг бууруулахад сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг хэрэгжүүлэх юм.
М.Батжаргал
Холбоотой мэдээ