ОУВС: Венесуэльд оны эцэст инфляци 720 хувьд хүрэхээр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-04-19 15:35:34

МЕХИКО. /TASS/. Венесуэль улсад инфляцийн түвшин оны эцсийн дүнгээр 720 хувьд хүрч магадгүй байгаа бол 2018 онд 2000 хувьд хүрэх төлөвтэй байна. Ийм таамаглалыг Олон улсын валютын сан /ОУВС/-гийн дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдал, ойрын ирээдүйн төлвийн талаарх дүн шинжилгээний тайланд дурджээ.  

ОУВС-гийн шинжээчдийн үзэж байгаагаар, Венесуэль улс эдийн засгийн томоохон хүндрэл бэрхшээлтэй тулгарсан хэвээр байх бөгөөд бараа импортлоход томоохон хүндрэлүүд тулгарсаар байх ажээ.

Эдийн засаг нь 7,4 хувиар агшсанаар ажилгүйдлийн түвшин 21,2 хувиас 25,3 хувь хүртэл өсөх аж. Венесуэлийн Төв банкны мэдээлснээр, 2016 онд инфляцийн түвшин 800 хувьтай байжээ.

Үнэ ханш гурван оронтой тоогоор өссөний улмаас тус улсын эрх баригчид мөнгөн тэмдэгтээ өөрчлөхөөс аргагүйд хүрсэн байна. Өнгөрсөн оны 12 дугаараас өмнө тус улсын хамгийн том мөнгөн дэвсгэрт нь 100 боливар байсан бол одоо 500, 1000, 2000, 3000, 5000, 10000, 20000-тын дэвсгэртүүдийг гүйлгээнд гаргажээ. Улсаас тогтоосон ханшаар 100 боливар 10 доллартой тэнцдэг бол хар зах дээр доллар хэдэн арав дахин өндөр үнэтэй байдаг аж.
О.Барс 

 

 




Холбоотой мэдээ