Газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэхэд Японы туршлагыг нэвтрүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-04-17 17:00:40
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газар, Япон улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2017-2019 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Энэхүү төслийн  хүрээнд 
Барилга, хот байгуулалтын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын төлөөлөл багтсан 12 хүний бүрэлдэхүүнтэй баг Япон улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлаад иржээ. Төслийн баг газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, орчин үеийн техник, технологи нэвтрүүлэхэд  гол анхаарлаа хандуулан ажиллах юм байна.

Энэ онд Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль шинэчлэгдэн батлагдсан бөгөөд уг хуульд болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах талаар тодорхой заалтуудыг тусгасан байна.

Уг хуультай холбогдуулан хэд, хэдэн  дүрэм, журам, зааврыг  шинэчлэн боловсруулах шаардлагатай байгааг албаныхан хэллээ.
 
 Б.Заяа

Холбоотой мэдээ